dadido diary
хууль ба философи
за энэ бичлэгийг илүү олон хүн уншаасай гэсэндээ http://publish.news.mn/show/id=1060 гэсэн хаягаас авлаа. зохиогчийн эрх зөрчөөгүй гэдэгтээ итгэлтэй байна.Б.Батчулуун
Монголчууд эрх зүйн философигүй явж ирсэн шалтгааны тухайд
эрх зүйн философигүй явж ирсэн шалтгааны тухайдХууль мөрдөж, хуулийн дагуу амьдарч ирсэн ард түмний хувьд заавал байдаг нэг үзэгдэл бол тэр ард түмэн эрхийн философи, эрхийн сэтгэлгээтэй байдаг. Тэгвэл Монголд эрхийн философи, эрхийн сэтгэлгээ байхгүй байгаа нь дараах хэдэн шалтгаантай мэт санагддаг. Нэгд, Хууль гэдэг бол юуны түрүүнд хот, суурин газар амьдарч байгаа хүмүүсийн ажил амьдралыг зохицуулах шаардлагаар үүссэн үзэгдэл. "Их засаг" юмуу хожмын манж-хятад гаралтай хууль гээч зүйл нь асар өргөн уудам нутгийн хаа нэгтээ бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдарч буй тэр хүний хувьд нэг их хамаагүй, тийм хууль байдаг гэж сонсоо ч үгүй байдаг. Тэр малчин өдөр тутмын аж амьдралаа хуулиар зохицуулаад байдаггүй. Тэгээд ч хууль нь ардын аман зохиол биш болохоор түүний зүйл-заалт бичигдэж байж хууль болно. Гэтэл нүүдлийн аж төрөх ёсоор амьдарч ирсэн манай ард түмний ихэнх нь бичиг үсэгт тайлагдаагүй байв (Түүхийн ном зохиолд өгүүлснээр 90 гаруй хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй байсан гэдэг). Харин байгаль л түүний хувьд жинхэнэ хууль. Байгаль амь амьжиргааных нь эх үндсийг тодорхойлно. Тийм учраас байгалийн хууль бол түүний оршихуйн үндэс. Үнэндээ тэр бол Natural Man байжээ. Хоёрт, Тодорхой хүрээнд хууль гээч зүйлтэй танилцсан цөөн тооны хүмүүсийн хувьд хууль бол төрөөс гаралтай учраас халдах аргагүй, үг дуугүй дагаж захирагдах ёстой, хэлэлцэх аргагүй зүйл. Төрд фетишист маягаар ханддаг ази хүмүүсийн хувьд төр, төрөөс гаралтай бүх юм халдахын аргагүй ариун нандин-шүтээн болсон зүйл байдаг. Гуравт, Коммунистуудын үе эхэлснээс хойш хууль тогтоомжийн талаар бүр ч хэлэлцэх аргагүй болсон. Хэрэв социалист хуулинд эргэлзсэн ямар нэг юм дуугарвал төрийн эсрэг гэмт хэрэгтэн болно.
Ийм уламжлал, орчин нөхцөлд дасан зохицсон хуульчидтай хууль-эрх зүйн талаар бодол эргэцүүллээ солилцож маргах гэхээр нэг бол намайг эсвэл миний мэргэжлийг дорд үзлээ гэх маягийн юм ярьдаг болчихдог юм билээ. Маргах гэж оролддог хэсэг нь болохоор цагдаа нар шиг хуулийн зүйл-анги яриад байдаг. Философийг ердийн ухамсрын түвшинд маргаан, мэтгэлцээн, эргэлзээ гэж ойлгох нь бий. Үнэн, философи нь ямагт тогтсон баримтлалын эсрэг хамгийн логиктой үндэслэл гаргахыг эрмэлздэг. Энэ утгаараа философи нь ямар нэг баримтлалыг хэлэлцэх гэж биш ягштал биелүүлэх гэж гаргадаг хуульчдын парадигмтэй зөрчилддөг тал бий.
Эрхийн философийн сайн тал бол хуулийг шүтэх, хоосон дагах биш, тэр хууль яагаад гарав, гарснаараа нийгэмд яг ямар үр дагавар авчрахав, түүний сайн муу тал, харагддаг болон үл харагддаг үр дагавар, төрөөс гаргасан хууль бүр "сайн" зүйл биш болохыг харуулдаг. Хуульд "тэрсэлсэн" ийм үзэгдэл тушаал зааврыг сохроор мөрдөж ирсэн түүх-уламжлал, орчинд орж ирэн төлөвшин тогтоход туйлын хүнд байдаг бололтой. Гэтэл соёлжиж иргэншсэн нийгэмд төрөөс гаргасан хууль тогтоомж бүрийг хүний эрх, эрх чөлөөний призмээр авч үзэн анализ хийдэг. Жишээ нь, АНУ-ын Вашингтонд байдаг Катогийн Хүрээлэн хэмээх либертари Институт бараг сар тутам Цагаан Ордноос гаргаж буй хууль тогтоомжийн талаар либертари анализ хийсэн ном гаргасаар иржээ. Энэ номнуудад хувь хүний эрх чөлөө, зах зээлийн зарчим, аяндаа тогтох эмх журмыг төрөөс гаргасан хуулиар хэрхэн баглаж боож байдгийг харуулдаг.
Энэ бүхнээс харахад, хууль зүйт нийгэмд (би энэ нийгмийг хувь хүний төрөлх эрх, эрх чөлөө хангагдсан, жам ёсны хууль ноёрхсон нийгэм гэж ойлгодог) хамгийн их саад болж буй хүмүүс бол хуульчид өөрсдөө болж байна. Тэд хууль гэдгийн жинхэнэ мөн чанарыг ойлгоогүй учраас хуулийг өөрсдийн мэргэн ухааны бүтээл гэж үзнэ. Тийм ч учраас тэдний гаргасан хууль амьгүй, функцианаль чанаргүй, нийгмийг бусниулагч зүйл болон хувирдаг.
Хуулийн талаар хуульчдаас бидэнд өгсөн ойлголт
Хуулийн талаар хуульч эрхмүүдийн ярьж буй зүйл, шүүхийн практикийг хараад байхад ерөнхийдөө дараах дүр зураг буудаг (Энэ тухай "Ардын эрх" сонинд нийтлүүлж байсан "Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн" гэсэн өгүүлэлдээ бичиж байсан билээ). Бидний уншаад байсан "хууль нэгэн утгатай уншигдах ёстой", "хууль бүх хүнд адилхан үйлчлэх ёстой" энэ тэр гэдэг бол зүгээр л цаасан дээр бичигдсэн тунхаг төдий зүйл юм билээ.
Одоо Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн заалтыг юу л бол юу гээд тайлбарлачхаж болдог. Хүн ямар нэг асуудал шийдүүлэх гээд шүүх дээр очих юм бол ёстой "тэр өдрийн тэнгэр мэднэ" гэдэг шиг юм болно. Шүүгч муухай зантай байх юм бол 10 жилийн ял сонсоно, аз таараад сайхан зантай байвал цагаадна. "Энэ бол хийсэн үйлдэлд чинь өгөх гурван жил, дээр нь миний өгөх гурван жил энэ байна" гэж чадах хүмүүс учраас шүүгч гуайг өглөө ирэхдээ гэр бүлийн хүнтэйгээ муудалцаагүй, сайхан зантай байгаасай гэж залбирч байх хэрэгтэй.
Монголын хууль, шүүхийн практикт ойлгомжгүй юм зөндөө л дөө. Шүүх дээр 30 сая төгрөгийн нэхэмжлэлтэй хэрэг шийдүүллээ гэхэд шийдвэр гүйцэтгэлийнхэн гурван саяыг нь зүгээр "хусчихдаг". Яаж байгаа юм бэ гэхээр тийм хууль журамтай юмаа гэсэн ухааны юм хэлнэ. Жирийн иргэн болохоор дээрэм хийж болдоггүй, харин хуулийнхан бол болдог юм байна л даа гэж бодогдохоор. Гурван саяыгаа алдсан хүний хувьд хэнд алдах нь хамаагүй шүү дээ. Хутга барьсан муухан хувцастай хүн байна уу, аль эсвэл хууль -тогтоол барьсан цагаан цамц-зангиатай хүн байна уу, хэн нэгэнд л гурван саяыг алдчихаж байгаа юм чинь.
Монголд хууль сахиулагчид хэний төлөө хэрхэн ажилладгийг хоёр жилийн өмнө яруу тодоор харж билээ. Халуун, замын түгжрээ гэж жигтэйхэн нэг өдөр мөлхүүлж мөлхүүлж саарал ордны баруун талын уулзвараар арайхийж гарах гэж байтал замын цагдаа ирээд бас баахан түгжчихдэг юм байнаа. Тэгж тэгж нэг дарга яваад өнгөрсөн бололтой. Харин нөгөө цагдаа чинь баахан машин овооруулж хаячхаад яваад өгдөг байгаа. Хууль сахиулагчид хийх зүйлээ хийж, даргынхаа тав тухыг хангасан, тэгээд болоо. Монголын хууль, хууль сахиулагчид үүргээ гүйцэтгэж байгаа нь тэр. Замын хөдөлгөөний дүрэм "Саарал ордны дарга нарт үл хамаардаг юм билээ" ("Хуулийн энэ заалт И.Б.Титод үл хамаарна" гэдэг шиг). Барак Обама Харвардад эрх зүй судалж байхдаа хууль гэдэг бол эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, эрх мэдэлгүй хүмүүсийг тайвшруулсан шийдвэр гаргахад хэрэгтэй зүйл гэж бодогдох үе байдаг хэмээн Ааваас минь уламжилж ирсэн мөрөөдөл номондоо бичсэн байсан. Ингэж санагдахаар үе үнэхээр байдаг юм билээ. Ийм нөхцөлд хуулийг "гууль", "3 хоногийн настай эд", "хааш нь ч харуулаад өмсчихөж болдог дээл" гэлгүй яахав. Хууль гэж ийм завхарсан зүйл болсон улс-оронд хүмүүс хуульч болсноороо ичих ёстой атал харин ч бахархаж байдаг юм билээ, бид ч аргагүй л өөр соёл, уламжлалтай ард түмэн дээ.
Философи эргэцүүлэл
Философийн үүднээс хуулинд эргэлзэнэ гэж юугаа яриад байгаа юм бэ гэж үү? Жишээ татъя. Философийн хувьд яагаад ч хүлээж авахааргүй нэгэн хууль. Нэг хоёр жилийн өмнө "Татварын өршөөлийн хууль" гэгч гарав. Энэ хуулийн утга санаа юу өгүүлсэн бэ гэвэл, татварын хуулийг мөрдсөний хэрэг огт байхгүй, мөрдөж байгаагаараа чи л хохирно, татварын хуулийг мөрдөөгүй хүмүүс хождог гэдгийг харуулсан юм (Энд татвар угаасаа хүний хувийн өмчид халддаг тухай ярих гээгүй шүү. Тэр бол тусдаа сэдэв. Харин жастис-зүй ёсны онолын үүднээс энэ нь хууль биш болохыг харуулъя). Үнэн хэрэгтээ татвар төлөөгүй хүмүүсийг чөлөөлснөөрөө татвараа төлж байсан хүмүүст шударга бус хандсан маш утгагүй хууль болсон юм. Одоо ч мөн үүнтэй утга нэгэн зүйл ярьдаг хүмүүс тааралддаг. Тэднийхээр, албан тушаалтнууд урьд өмнө хээл хахууль авч байсан, өөр бусад албан тушаалын гэмт хэрэг хийж байсан нь хамаагүй, бүгдийг нь нэг мөр цагаатгаад үүнээс хойш л ... гэж дуулддаг. Хуулийн ямар үндэслэл гаргах юм бүү мэд, харин философийн хувьд ийм үндэслэлийг яагаад ч зөвшөөрөх аргагүй.
Миний хувьд яаж тайлбарлах учраа олохгүй байхад хуульч эрхмүүдийн амархаан тайлбарлачхаж байгаа зүйл хуулинд их байх юм. Яг ижил үйлдэл хийсэн хоёр хүнд өчигдөр нэг, өнөөдөр тэс өөр ял өгчихнө. Яахаараа ингэдэг юм бол, хууль гэдэг ямар утгагүй юм бэ гэж бодогдохоор. Хийсэн сэдэл, зорилго, үр дагавар нь яг адил байхад шүү. Мөн гадаадын улс-орнуудад чөлөөтэй зүйлийг Монголд хийх юм бол шоронд орох тохиолдол ч байна. Тэгээд энэ бүхний талаар асуулт тавьж хариулт авах гэхээр тэр хуулийг цуцалсан, эсвэл өнөөдөр тэр үйлдлийг нь хорьсон хууль гаргахаар тэгдэг юм гэнэ. Энэ бол хариулт биш гэдгийг тэд ойлгодоггүй юм шиг байна лээ. Хууль ингэж хүнээр тоглоод байх аваас түүнийг биелүүлэхгүй байх эрх хүмүүнд бий гэж хэлбэл цаад утгыг нь ойлгох хүмүүс хуульчдын дотор байгаа болов уу.
Үнэнийг хэлэхэд, хууль байхгүй учраас хүмүүс муу муухай зүйл хийгээд байгаа юм биш шүү дээ. Ёс суртахуунтай нийгэмд хүн өөрийн буруу, зөвийг хуультай хуульгүй мэддэг. Ихэнх хүн ёс суртахууны шаардлага гэдгийг ойлгодоггүй, тийм учраас ёс суртахуун яах вэ, гол нь хуулийн хувьд зөв юм шиг харагдах ёстой гэж боддог соёл-уламжлал, орчинтой болохоор муу муухай зүйл хийгээд байгаа юм. Миний буруу л даа, гэхдээ юу ч болсон шүүхдээд үзье, шүүгчийг хахуульдаад үзье гэх болж. Хуулийг мөрдөгчид хэн нэгний эрхэнд халдаж болохгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ тэдний мэддэг бас нэг зүйл бол хууль мэдээгүй бол юу ч хийж болно. Уг нь ингэх нь буруу л даа, гэхдээ хуулинд буруу гэдгийг нь заагаагүй (заахаа мартчихсан ч) байх ч юм бил үү, тэгвэл бид зөвдөөд явчихна гэж боддог хүмүүс. Либертари автор Д.Боаз өөрийн номонд яг ийм хүмүүсийн эсрэг утгаар хуулинд биш ёс суртахуунд итгэх тухай өгүүлсэн байдаг. Миний эцэг нэр төрөөрөө баталгаа хийж зээл авдаг хүн байсан гэж. Тэгвэл хууль дүрмэнд л итгэдэг, бүх зүйлийг гэрээ хэлцлээр баталгаажуулдаг "дугтуйтай хүмүүсийн" (Чеховын Беликов шиг) хувьд нэр төр гэдэг огтхон ч баталгаа биш. Достоевский "Бурхан гэж байхгүй бол хүмүүсийг юу ч хийхийг нь зөвшөөрсөнтэй адил" гэж хэлсэн бол хуулийг шүтэгч "хууль гэж байхгүй бол хүмүүсийг юу ч хийхийг нь зөвшөөрсөнтэй адил" гэж байна.
Хууль бол хүний үйл ажиллагааны зөвхөн гадаад илрэлийг шүүнэ. Тархи толгой дотроо ямар ч аймшигт зүйлийг төлөвлөж байсан яаж ч чадахгүй (Хүнийг ямар тийм юм бодлоо гээд шийтгэж болох биш). Харин энд шашин, урлаг, ёс суртахуун нөлөөгөө үзүүлж чадна. Хуульчид хэтэрхий ил зүйл дээр ажилладаг учраас баримтыг л шүтнэ. Хүний дотоод ертөнц, философийн асуудал тэдний хувьд даанч ойлгохын аргагүй зүйлс. Хуульчид Достоевскийн Ах дүү Карамазовынхан-ыг уншвал ёстой будилж гүйцнэ. Фактаар авч үзэх юм бол том ах Митя нь гарцаагүй эцгийгээ хөнөөсөн алуурчин, хаашаа ч зайлах аргагүй. Энд яригддаг ёс суртахууны үй олон хүчин зүйл дотор тэдний толгой эргэж гүйцэх байх. Тэдний үзлийн үүднээс Достоевскийн Раскольников (Гэм зэм), Камюгийн Мийрсольт (Хачин хүн) нар алуурчин гэдэг нь хэтэрхий тодорхой (баримт түшвэл үүн шиг тодорхой зүйл хаа байх билээ). Гэсэн ч хуульчид хүний эдгээр үйлдлийн экзистенциалист утгыг олж харж даанч чаддаггүй. Хууль зүйн хувьд тэгэх ч шаардлага байдаггүй. Үүнд л хууль зүй, философи хоёрын ялгаа байх шиг байна. Хууль баримтыг харгалзахгүй бол хууль биш болно, философи нь экзистенцийг харгалзахгүй бол философи биш болно. Философи, хууль зүй хоёр өөрийн салбарт ажилладаг хүмүүсийн сэтгэлгээний хэв маягийг ингэж л төлөвшүүлж байгаа юм. Раскольников, Мийрсольт, Митя нарыг хуулиар шийтгэдэггүй юм. Хамгийн аймшигтай шийтгэл нь Бурхан, эс бөгөөс өөрөө өөрсдийгөө шийтгэх шийтгэл. Ийм хүмүүст хэдэн жил шоронд хоригдох, тэр ч бүү хэл, цаазаар авахуулах хүртэл аймшигт шийтгэл биш, тэд үүнийг тоох ч үгүй. Ер нь Өрнөдийн эрх зүйн философи дахь хамгийн хүчтэй кэйс, маргаан үүсгэдэг асуудлууд дандаа хуульжсан сэтгэлгээнээс хальсан тохиолдолд гардаг. Хуулийн хүрээнд бол ил тодорхой факт-баримтан дээрээ тулгуурлаад зүйл-ангийг нь уншиж орхино.
Энд би эрхийн философи болон хууль өөрөө зүй ёсны онолд тохирч байна уу, үгүй юу (хууль нь өөрөө Theory of Justice-д тохирч байна уу, үгүй юу) гэдэг талаар багахан ч гэсэн уншсан хүн бүрийн мэддэг нэгэн кэйсийг өгүүлье. Охиндоо ухаангүй хайртай нэгэн байж. Гэтэл охин нь маш хүндээр өвджээ. Охиныг аврах эм түүний санхүүгийн бололцооноос хэтэрсэн үнэтэй юмсанж. Тэр эм нь эмийн санд байна ч гэж саная. Бүр эмийн сангийн шилэн хоргоны цаана нүднийх нь өмнө охиных нь аврал болсон нөгөө эм байгаад байдаг. Яг одоо л тэр эмийг уулгахгүй бол хайрт охин нь гарцаагүй үхнэ. Гэтэл мөнгө байдаггүй. Тэгээд тэр хүн шилэн хоргыг хагалан хулгай хийхдээ хууль-ёсыг зөрчиж байна гэдгээ мэдэх боловч хүн-ёсыг зөрчөөгүй гэдгээ бас мэднэ. Эрхийн философитой оронд иймэрхүү тохиолдлыг хэлэлцэж хуулиндаа ёс суртахууныг харгалзсан өөрчлөлтүүдийг хийдэг. Харин Монголын шүүх дээр хэрэгтэн иймэрхүү юм яривал шүүгч уурлаад ёстой л "яасан их философиддог нөхөр вэ, шанд нь энэ таван жилийг нэмээд ав" гэх байлгүй.
Нийгэмд л амьдарч байгаа юм бол хууль ёс гарцаагүй, хүн Natural Man-ээс Cultural Man-руу (байгалийн хүнээс нийгмийн хүн болсны) орсны гол шинж нь хууль ёс, Афины шинжлэх ухаан-танин мэдэхүй, Иерусалимын шашин-шүтлэг, Ромын хууль ёс-шүүх засаг бол соёл иргэншлийн гурван гол уг сурвалж, "Сайн иргэний үндсэн шинж бол муу хуулийг ч гэсэн биелүүлдэг, учир нь муу иргэнд сайн хуулийг зөрчих далим олгодоггүй" гээд хууль ёс гарцаагүй болох тухай олон ухаалаг бөгөөд зөв үндэслэл байдаг. Гэхдээ манай хуульчид хуулийн мөн чанарыг гуйвуулж, түүнийг эрх баригчдыг хамгаалах, жирийн иргэдийг хэлмэгдүүлэх хэрэгсэл болгож байгаад хүмүүс үнэхээр дургүйцэж байна. Тэгсэн мөртлөө тэд "ардчиллыг хууль ёс л аварна", "хууль ёсны үед л ардчилал тогтоно", "эрх чөлөө хуулийн дор л хэрэгждэг" гэж үгээр их тоглох юм. Харагдах утгаараа тийм л дээ. Өнгөц сонсоход эдгээр үг шиг үнэн зүйл хаана байх билээ (энд тэдний ярьдгаас ч илүү сайн үндэслэл гаргаж болно)... Гэхдээ хуулийн мөн чанарыг ингэж өнгөц ойлгож, хамгаалах юм бол фашизм, коммунизмыг ч хууль ёс аварч тогтоож байсан, эдгээр нийгмийн үед хууль ёсоор л эрх чөлөөг нухчин дарж байсан гээд маргаад байж бас болно. Хууль ёс гэдгийг ингэж шууд механик утгаар ойлгож хэрэгжүүлэх юм бол тэр нь бюрократизмыг хамгаалж бэхжүүлэхээс өөр зүйл биш, тийм учраас ардчилал гэдэг чинь хүмүүсийн ёс суртахуун, нийгмийн шударга бус байдлыг ойлгосон хүмүүсийн ухамсар дээр тогтож байдаг зүйл, зүй бус хуулийг эсэргүүцсэнээр эрх чөлөө тогтоно гэсэн үндэслэлийг ч гаргаж болно.
Тэгэхээр хууль зүй ёсны байна уу үгүй юу гэдэгт гол нь байгаа юм. Бидний ойлгодгоор хууль гэдэг бол хэдэн ухаантай хүн цуглан ярьж байгаад гаргачихдаг эд. Харин либертари үзлээр хуулийг хэдэн ухаантай хүмүүс зохиочихдоггүй, тэр нь хэл яриа, бараа таваарын үнэ, зах зээлийн нэгэн адил аяндаа тогтдог (хэн нэгэн зохиогоод бусдадаа тулган хүлээлгээгүй) зүйл юм. Харин амьдралын "бичсэн" энэ хуулийг хэн нэгэн хүн томьёолон цаасан дээр буулгах бол өөр хэрэг гэдэг нь ойлгомжтой биз ээ.
бичсэн: dadido | төрөл:

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих