Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

хэлбэрдэлт

 Одоогоос найман зууны тэртээд нэгэн үндэстэн нэгэн тугийн дор нэгдэж Их Монгол Улсыг байгуулсан гэдгийг одоо хүн бүхэн мэдэх бизээ.  Түүнээс хойш Монголын байлдан дагуулал, Ариг бөх Хубилай хоёрын тулаан, Юань гүрэн, Цагаадайн улс, Зүчийн улс, Алтан ордны улс, Тогоонтөмөр хааны шившиг,Бага хаадын үе, Халх Ойрадын сөргөлдөөн, Галдан Бошигтын халх руу хийсэн аян дайн, Зүүн гарын хаант улс, Манж чин улсын дарангуйлал энэ бүхнийг түүхээ мэдэх хүн бүхэн мэдэх биз.  Энэ бүх үйл явдлын хөлөнд монгол үндэстэн оршсоор өдийг хүрсэн.  Харин Их Монгол Улс оршсоор ирсэн юм болов уу.  Миний ойлголтоор бол аль хэдийн Юань гүрэн байгуулагдахад л Их Монгол Улс үгүй болсон санагдана.  За тэгээд Манж чин гүрний үед Их Монгол Улс оршиж байсан гэж үзэх үү.  Нарийн ярьвал дээрх хугацаанд Олон Улсын Харилцаанд монголчууд бие даан оролцож байсан гэж үү.  Тэгэхээр  Их Монгол Улс байгуулагдсаны 802 жилийн ой гэж ярьдаг зөв үү.  Эсвэл ИХ МОНГОЛ УЛС монголчуудын анхны төр улс гэж ойлгуулах гээд байгаа юм уу.  Тэгвэл эрдэмтэн Г.Сүхбаатар гуайн “Хүннү монголчуудын эртний өвөг”, “Сүмбэ”, “Нирун” гэсэн номнуудад  өгүүлсэн дээр улсууд Монголын анхны төр улсууд  биш юм аа гэхэд зарим эрдэмтнийхээр хамгийн  анхны төр гэж үздэг ХАМАГ МОНГОЛЫН ХАНЛИГ ч  төр биш болж байгаа юм уу.  Энэ бичлэгийг уншиж байгаа та РОМЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ байгуулагдсаны тэдэн жилийн ой, БРИТАНИЙ ЭЗЭНТ ГҮРНИЙ тэдэн жил, ЕГИПЕТын фараоны тэдэн жил, ОСМАНЫ ЭЗЭНТ ГҮРНИЙ тэдэн жил гээд ТӨРИЙН хэмжээнд тэмдэглээд явсныг сонссон уу, үзсэн үү, оролцсон уу.  Миний бодлоор бол РОМЫН ЭЗЭНТ ГҮРЭН бол хамгийн урт настай,  агуу эзэнт гүрэн байсан.  Одоо буурин дээр нь ИТАЛИ улс гэж байгаа болохоос РОМ мөхсөн.   ИХ МОНГОЛ УЛС байгуулагдсаны 802 жилийн ой гэж тэмдэглээд байгаа юм бол ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 87 ЖИЛ, УЛС ТУНХАГЛАСНЫ 83 ЖИЛ гэж тэмдэглэхын утга юу билээ. 

Би ИХ МОНГОЛ УЛС байгуулагдсаны 800 жилийн ой, ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ мэндэсний 840 жилийн ойг хүндэтгэн үзэж, дотроо баярласан.  Учир юунд гэвэл би одоо хүртэл оршиж байна гэж үзсэндээ бус эх түүхээрээ бахархсан юм.  Гэтэл 801, 802 гээд тоолохоор л нэг биш санагдаад байгаа юм.  Одоо хүртэл “ИХ МОНГОЛ УЛС” оршоод байгаа юм шиг.  Өнөөдөр бүрэн эрхтэй, тусгаар тогтносон, бүгд найрамдах засаглалтай, “АЛТАН УРАГ” ийнхан биш ард түмэн төрийн эрхийг барьдаг МОНГОЛ УЛС оршиж байна.  Эсвэл үүгээрээ өөрсдийгөө “АЛТАН УРАГ” ийнхан гэж ойлгуулах гээд байгаа юм уу “төрийнхөн”.  Дээрх бүгдийг “Францчууд одоог хүртэл Бастиллийг чөлөөлсний баярыг хийж нэг тоотой ой тэмдэглээд байдаг бид яагаад болдоггүй юм гэж” гэж үгүйсгэж болох юм.  Гэтэл угтаа түүхэн ач холбогдолыг нь  буюу “бүгд найрамдах засаглал” анх Францад бий болж ихэс дээдэс, аристократууд бус ард иргэд засаг төрөө барих болсоны баяр юм л даа.  Дээрх бичлэгийн цаад агуулга нь жил болгон 801, 802,803 гэж тоолоод байх нь утгагүй байна гэж үзсэн болно.  Тэрнээс биш ард түмнийхээ түүхийг үгүйсгэх зорилгогүй болно.  Бид түүхээ заавал олон оронтой тоогоор дурсах албагүй.  Цаад агуулгаар дурсая.  Ер нь сүүлийн үед бид агуулгыг нь умартаад хэлбэрийг нь анхаараад л.  Бид Төрийн Есөн Хөлт Цагаан туг, Бурхан Халдун уулын тахилга, Төрийн тамга, Бүх цэргийн Хар Сүлд гээд ИХ МОНГОЛ УЛСын үеийн олон зүйлийг сэргээсэн.  Мөн олон тооны суврага, бурхан бүтээсэн.  Гэтэл эх орон газар шороо, хүнээ хайрлах нөгөө хайр хайчсан бэ.  За тэгээд агуулгыг сэргээе гэдэг нэрийн доор хуучин бүхнийг сэргээх гээд зүтгэчихнэ.Монгол ухаан, заншил бол юун тэр хүн төрөлхтний үнэт зүйлстэй зүйрлэх юм биш.  Бид чинь агуу гентэй хүмүүс, ИХ ЗАСАГ бол агуу хууль  байсан үүнийгээ сэргээе /үнэндээ бол ИХ ЗАСАГ бүрэн эхээрээ олдсон юм байдаггүй, энд тэндээс нэг эрээвэр хураавар зүйл заалт л олдсон шүү дээ, зарим хүмүүс бараг МНТ оор төсөөлөх гээд байдаг/,  буцаад Засагт хан, Алтай хан, Түшээт Хан, Сэцэн хан, Сайн Ноён хан гэж нэрлээд, хошуудад хуваая ч гэх шиг юм яриад явна шүү дээ.  Яахав олон ургальч үзэл юм даа л гэхээс.  Гэхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлалд захирагдана шүү дээ. Эрх зүйт ёсыг төлөвшүүлж Үндсэн хуульт ёсыг дэлгэрүүлж, хүний эрх, эрх чөлөөний зааг хязгаараар төрийн үйл ажиллагаа явагддаг  нийгэмд Төрөө дээдэлсэн, хаант засгийг эргүүлж авчиран төрийг бурханчлан тахисан тийм үзэл таарахгүй, авцалдахгүй, улмаар аюул тарина.  Хүн төрөлхтөн өнөөдөр эрх чөлөөний үнэ цэнийг улам ихээр мэдэрч байна.  Уг нь улиг болмоор л юм.  Хоёрдугаар дайн, нацизм, коммунизмын тухай киног гадныхан яасан их хийдэг юм.  Угтаа бол эрх чөлөөгүй нийгэм, хувь хүн ямар аймшигтай, эмгэнэлтэй байдгыг, дарангуйлагч нар ямар бузар байсныг мартуулахгүйн тулд хийж байдаг юм шиг.  Нөхдүүд үүнийг нь ойлгодог юм уу үгүй юу бүү мэд.  Гурван зуун спарт ч гэсэн үнэндээ бол нийтийн эрх чөлөө буюу Liberty г хөндсөн л кино.. Эрх, эрх чөлөө төрийг сулруулдаг, монголчуудад эрх чөлөө зохихгүй гэж зарим хүмүүс ярьдаг, далд утгаараа сурталддаг.    Либертари үзлийг заримдаа коммунизмтай адилтган төрийг устгах тухай онол гэдэг.  Үнэн хэрэгтээ эрх, эрх чөлөө бол дарангуй, хүнд сурталтай, удаан хөлтэй, махлаг, мяраалаг, данхан толгойтой төрд дургүй болохоос бүхэлд нь үгүйсгэдэггүй шүү дээ.   Авилгад дуртай, хууль, хуулийн үндэс болсон эрх чөлөөг уландаа гишгэсэн түшмэд төрийг үгүйсгэдэг болохоос иргэд төрөө үгүйсгэдэггүй юм.  Ардчилалтай орон гээд дэлхий дахинд одоо зарлаад байна.  Ардчилал аль хэдийн “ярлык” байхаа больсон.  Одоо ихэнх нь ардчилсан орон болж байна.  Ардчилал яриад АНУ аас мөнгө салгана гэвэл бүр хэцүү болно. Бүгд л болсон болоогүй нэг парламенттай, ерөнхийлөгчтэй, үндсэн хуулийн шүүхтэй, хүний эрхийн гэрээ конвенцид нэгдсэн байдаг. Одоо дэлхий дахинд хэлбэрийн ардчилалаас илүү агуулгын ардчилал хэрэгтэй байна.  Эндээс нөгөө GOOD GOVERNMENT гэдэг нэр томъёо улбаалсан байх.  Монголоор бол нөгөө сайн удирдлага.  Гэтэл энд сайн хэлбэрдээд л байдаг. Тоолж үзвэл жилдээ Сүхбаатарын хөшөө, Чингис хааны хөшөөнд 7сарын 10 өдөр, 11 сарын 26 өдөр Улс тунхагласны ч гэдэг Анхдугаар Үндсэн хууль, 12 сарын 29 өдөр Үндэсний эрх чөлөөний өдөр, 1 сарын 13 өдөр шинэ Үндсэн хууль, 3 сарын 1 өдөр Эх орончдын өдөр, 3 сарын 18 Зэвсэгт хүчний баярын өдөр гээд нийтдээ зургаан удаа мөргөдөг.   Мартачихаж Долоон удаа юм байна.  Цагаан сараар бас мөргөдөг шүү дээ.Дээрх өдрүүд нь ч гэсэн бараг нэг утга агуулгатай буюу бүгд л эх орон, тусгаар тогтнолтой холбоотой өдрүүд. Бүгдийг нь тэмдэглэнэ.   Тэмдэглэхгүй бол алдас.  Ховд аймгийн Булган сумаас ирсэн өвгөн хүүхдүүд дээрээ ирэнгээ Чингисийн хөшөөндөө нэг мөргөх, төгсөгчид өмнө нь очиж зураг даруулах гэхээр болдоггүй мөртөө  Сонгуулиар хоёр ТОМ намын нэр дэвшигчид бүгд л өмнө нь сөхрөөд байсан.  Ер нь хэний юмыг хэнээс харамлаад байна аа.. За тэгээд үе үеийн Үндсэн хуулиудыг алтаар урлаад л, Үндсэн хуулиа зөрчөөд л. Агуулгыг нь ухаарахгүй бол алтаар урлаад ч яах юм билээ дээ..... Хамгийн том төрийн далбаа энэ тэр чих шиг.  Азидаа тэдэд эдэд орно ч гэх шиг.  Төрийн далбааны том жижгэээс шалтгаалж тухайн улсын хөгждөг бол болжийнэ шд.   Энд тэндгүй баахан бэлгэдэлтэй символичная страна болж байна дө.  Эцэст нь энэ их хавтгай хэлбэрдэлт хэзээ эцэслэх юм бол доо.   


бичсэн: dadido | төрөл: My opinion 2008-07-21 өдөр 19:32
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



хэлэх гэсэн санаатай тань 101 хувь санал нэг байна. ийм бодолтой байгаад чинь сөгдөж мөргөсөн ч болжийнэ. big grin
Бичсэн: ketchup 21:02, 2009-02-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax