Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

Өглөө болгон зүүдэн дундаа харах үнэгэн харанхуй
Өөрөө ч мэдэлгүй хэн нэгнийг тэнгэрт дуудна
Өлгийтэй хүүхэд уйлж эцэг, эхээ сэрээнэ
Навчис шаргалтдгыг санахлаар
Боллоо баяртай баярлалаа гэж хашгирмаар байвч
Болоогүй, хүлээ, битгий гэх бодол бас л байсаар л...
Юуныг ч юм, хэнийг ч юм яагаад ч юм хүлээсээр
Бид амьдарсаар л...


 

 






бичсэн: dadido | төрөл: 2009-09-07 өдөр 19:53
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

Оюутан чамд

Үүнийг уншиж байгаа оюутан чамд юуны өмнө эрүүлийг хүсье.  Зарим нь мөнгө гэдэг байгаадаа бодож ч магадгүй.  Эрүүл байх шиг жаргал хаана ч үгүй.  Ойрын үед бие тиймэрхүү байна л даа тэгээд л ингэж байгаа юм.  Тэгээд эхлээд хэд хоног манарана биз.  Анх хэн ч бай сургуулийн босго давж байгаа тэр үедээ дотроо том зорилго, шившлэг, шивнээ, амандаа ямар нэгэн зүйл бувтнах ч юм уу, за нэг юм бодоо л ордог.   Тэрэндээ л үнэнч байгаарай.  За тэгээд худлаа битгий гаднаа нэг их номын баагий харагдсан рекламны оюутан битгий болчоорой доо.  Ялангуяа хуулийн сургуулийнхан ингэх гээд байдаг тал бий шүү ...За тэгээд зөв менежменттэй л үзээд байж дээ.  Аа тий.  Гадаад хэл заавал сурсан байх ёстой шүү оюутан минь...эцэст нь хүн болгонд заяагаад байдаггүй оюутны амьдралд тавтай морил


бичсэн: dadido | төрөл: 2009-09-01 өдөр 20:12
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

халуун ус

Энэ зунжингаа халуун усны хэрүүл хийх шив дээ.  Долоон сард тасалсан одоо дахиад л тасалчихлаа.  Яамаар ч юм.  Өчигдөр баахан хиртэй хувцаснуудаа чирч ирээд угаах гээд ялгаад маргааш өглөө босоод маналзуулаад өгнө дөө гэсэн чинь...халуун ус тас.  Асуусан чинь шөнийн 01 цагт ирнэ гэдэг юм даа.  Энэ зун нийтдээ хэдэн ч удаа таслав даа.  Уг нь өглөө хувцасаа угаасан бол өдөр дунд хатахгүй юу...ус халаагаад угаая гэхээр тогны гарз байгаа даа.  Сая нэтээр Нарангийн дуулсан "Сити найт" дууны клипийг харж суутал халзан толгойтой нэг залуу байна аа.  Сайн харсан чинь манай арван жилийн залуу тоглосон байх юм.  Күүл залуу болжээ.  Бараг атаархлаа.  За за халуун ус хурдан ирээсэй билээ гэж хүсэхээс...Өчигдөр орой л байсан дээр нь угаачихдаг байж чоорт...

бичсэн: dadido | төрөл: 2009-08-28 өдөр 12:19
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (12) | Сэтгэгдэл бичих

манараад л

би гэдэг амьтан манаргаад л байна дөө.  Болж ч байгаа юм уу үгүй ч юм уу тоос хөдөлгөөд, гутлын өсгий элээгээд л явж байна.    Хэзээ хаана хаашаа юунд хүрэх юм бүү мэд яваад л байна.  Урд нь ямар байсан тэгээд л яваад байна даа.  Хааяа дисконд орж баахан дэвхцээд хоёр шил шар айрагны лонх хоосруулсан шигээ хорвоогийн жаргалыг эдэлсэн болоод явах юм дөө.  Заримдаа шал утгагүй ч юм шиг.  Бусад хүмүүсийн амьдрал аймаар гоё санагдаа л...минийх байдгаараа л...хэвэндээ.  Яахав нэг сургууль төгсөж хавтастай болох шив.  Өөр ч юмгүй дээ бараг.  Нэг хэсэг баахан өдрийн тэмдэглэл хөтөлдөг байснаа залхуу хүрээд хаяский.  Ер нь олон юмыг залхуу хүрээд хаяский.  Туйлбаргүй гэдэг нь.  Залуу нас чинь уг нь адал явдал, атаархал, өш хонзон, хайр дурлал, хүсэл тачаал гээд л зөндөө юмаар дүүрэн байдаг биз дээ.  Хэхэ нэг хэсэг зурагтаар рекламддаг жүжгүүд дандаа ийм тайлбартай байсан биз дээ.  Боддог бодол гэвэл энэ өвөл ханиад томуу хүрчихгүйхэн шиг хэрхэн амьдрах билээ, жолоонд хэзээ явах вэ, усанд бассейнд яаж явдаг юм билээ, яаж жингээ 65 руу оруулах вэ гэсэн бодлууд л байх шив.  Зав байвал яахав хуулийн тестүүд бөглөж үзэх өөрийгөө сорих гэсэн бодол.  Зарим залуучуудтай ярилцаад сууж байхад тэдэн жилийн дараа эхнэр аваад тэгж тэгж амьдарна гэж төлөвлөөд хэрэгжүүлж байх юм.  Эсхүл гадагшаа тийм сургуульд тэгж явна.  Эсхүл бизнесээ хөгжүүлэн, ажилдаа тэгж дээшилнэ гэж.  Эсхүл машин авна гэдэг ч юм уу.  Надад үнэндээ тийм зорилго зорилт үнэндээ алга.  Ичиж үхэж далд ормоор...Эсхүл тэгж их ертөнцийг огоорсон гэгээрсэн хүн үү...ааая өөрийгөө аймаар...Гэхдээ нэг хүсэл байх шиг байна.  Өөрөө өөртөө таатай амьдрах...Заримдаа амьдралд хүн бүх юм нь бэлэндүү болохоор ингэдэг байж магадгүй гэж бодогдох юм.  Юутай ч ойр дотны хүмүүс маань намайг юм бүрээр чадлынхаа хирээр хангаж эрхлүүлж байдаг.  Үнэндээ 23 хүртэл эрхэлсээр л явна...яахав амьдрал  зарим зүйлийг надад дутуу заяасан мэт бодогддог л юм. .  Бусад хүмүүст ч гэсэн ийм л байдаг байх.  Алдаатай оноотой амьдрал минь үргэлжилсээр, эрхэлсээр л...

бичсэн: dadido | төрөл: 2009-08-27 өдөр 23:03
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

ЦАГААНБААТАР дэлхийн аварга боллоо

Саяхан ЦАГААНБААТАР МААНЬ ИСПАНИЙН БӨХИЙН ЮКО ҮНЭЛГЭЭГЭЭР ЯЛЖ ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН БАЙНА.  ЯЛАЛТЫН ӨДӨР ТОМ БЭЛЭГ БАРЬСАНД БАЯРЛАЛАА http://www.judo2009.com/en/?page=cms&sub=showpage&id=40 ороод үз

бичсэн: dadido | төрөл: 2009-08-26 өдөр 23:00
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

сэтгэл хөдөлчлөө

Өнөөдөр Төрийн хэмжээнд Халхын голын байлдааны ялалтын ойг тэмдэглэж байна.  Аль тэртээ 70 жилийн өмнө болсон энэ үйл явдлыг бидний үеийн залуус бараг ойлгодог юм уу үгүй юм уу бүү мэд.  Би лав аль дөрвөн жилийн Дорнод аймгийн Халх гол, Матад сумын нутгаар явж байхдаа бүрэн ойлгоогүй ч монгол хүний сэтгэл зүрхэнд үргэлж мандан бадарч байдаг алтан соёмбот тугийг дайсны өмнө гуйдалгахгүйн төлөө үнэхээр "их том" үйл явдал болжээ гэдгийг харин үзсэн дээ...Зурагтаар гарч байгаа ахмад дайчдыг хараад өөрийн эрхгүй бахархсаан.  Өөрийгөө хүн шиг авч яваад өрх гэрээ аж амьдралаа хүний дайтай авч яваад, хүн шиг хүн өсгөж байж тэднийхээ ачийг хариулна биз ээ.
Монгол улсын оршин тогтнол монгол айлын голомтоос ихэд хамаардаг. 
Сая зурагтаар хараад сэтгэл хөдлөөд энэхүү бичлэгийг бичлээ


бичсэн: dadido | төрөл: 2009-08-26 өдөр 19:59
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

уур хүрчлээ бүр

Аль хэдэн сарын өмнө 1 сарын өмнө 1гигагын флэшээ өгөөд алдчихсан юм.  Уг нь би тэрэнд 1 гигагын 2 ширхэг флэшээ хэрэглүүлсэн юм.  Тэгсэн чинь удаж удаж 1 флэшийг нь өгөөд дараачийхийг нь 1эвдэрчихсэн юм өгдөг байна шд.  Ёстой уур хүрээд автоматаар шүршмээр.  Хоёрын хооронд ийм новшийн зангаар яадаг байна аа.  Чадахгүй бол чадахгүйгээ хэлчинэ биз.  Монгол хүмүүс ер нь ийм балиар зантай байх юм аа.  Нэг муу флэшнээс болж бүхэл бүтэн үндэстнийг доромжилж болохгүй байх л даа.  Гэхдээ л...  Голруулдаг.  Нэг сайхан наастартай байсан будаа боллоо шд.  Хүнд ном уншаад өгөөрэй гэхээр байхгүй сураггүй...хэлж байж мессеж хэдэн арвыг бичиж байж сая авна...Одоо бүр яамаар ч юм...Хөдөө канистр өгөөд айраг захиад мөнгийг нь өгөөд явуулахаар айраг ч үгүй канистр ч үгүй...уур ч хүрмээр инээд ч хүрмээр юм шиг...


бичсэн: dadido | төрөл: private 2009-08-19 өдөр 21:28
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

сурмаар...

Амьдралд сурах юм их байна аа.  Нэг таньдаг ах хүү байдгын.  Одоо программ ч юм уу нэг юм хийдгийн хувиараа.  Ганцаараа нэг өрөөнд шалаараа дүүрэн тамхины акурктай, нэг  том сервер болтой компьютер, баахан программ бололтой зүйл бичсэн гар байлаа уулзах гээд орсон.  Хар багаасаа мэдэх болохоор харьцахад сайхан.  Тэгсэн чинь чи надаар компьютер, программын юм заалгаач гэлээ.  Даан ч би нүдээ компьютер ширтсээр байгаад муудчих болов уу гэж айгаад татгалзсан.  Гэхдээ хэзээ нэгэн цагт тань дээр ирнэ гэж л хэллээ.  Одоо тэгээд яах юм бүү мэд.  Бас сэлж сурмаар байна, жолоо барьж сурмаар байна.  Жолоо гэснээс ах уг нь заая гээд би завгүй гэсээр хэдэн жилийг үдсэн дээ.  Одоо нэг явахаас даа...ан гөрөө гэрэл цахилгаан бодсоор байтал хоцрогдоод байдаг.  Одоо яамаар ч юм бэ дээ Афганистан явдаг ч юм бил үү

бичсэн: dadido | төрөл: 2009-08-14 өдөр 14:51
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

би өндрийг хүснэ

Би өндрийг их хүсдэг болчиж.   Албан тушаалын өндөрлөг биш л дээ.  Өндөр юман дээр гарахыг л их хүсдэг болчиж. Өндөр уулын орой дээр гарах бөөн хүслэн. Эртээд хажуугийн 12 давхарын чардаак руу гарах гээд түлхүүрийг гуйгаад хөлс төлөөд гаръя би өндрөөс юмыг харах дуртай гэсэн чинь " чи амиа хорловол яах юм" гээд хавьтуулсангүй.  Тайлбарлаад нэмэр алга байлаа.  Эртээд тэгээд ганцаараа "Зайсан" гарч нэг хорхойгоо дарлаа.  Яагаад ч юм өндрөөс юмыг харахаар нэг их таашаал авдаг болчиж.  За гэхдээ тэр нисэгч, шүхэрчний хажууд өндөр гэж хэлэхэд онигоотой биз.  Нэг сайхан өндөр давхарт эргэн тойрон алсыг харсан, урд юу ч торохгүй байранд амьдрах юмсан гэж ямар их хүсэж байна вэ.  Эсхүл уулын орой дээр цамхаг дотор...


бичсэн: dadido | төрөл: 2009-08-14 өдөр 14:25
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (11) | Сэтгэгдэл бичих

юу бичих вэ байз

Юм бичмээр л байдаг.  Даан ч бичих юм олдохгүй байна.  Өдрийн тэмдэглэлээ бичих үү.  Эсхүл өдрийн маршрутаа бичих үү, эсхүл идсэн хоолоо бичих үү.  Нэг л учраа олдоггүй ээ.  Шүлэг бичдэг юм уу гэтэл ямар ч юм орж ирдэггүй.  Эсхүл настай хүн шиг  "Амьдрал гэдэг..." гэж эхлээ нэг их амьдрал үзсэн хүн шиг биччих гээд.  За юу ч гэсэн ийм л юм бичлээ дээ.

бичсэн: dadido | төрөл: 2009-08-03 өдөр 18:06
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

үргэлжлэл

Тэр номыг уншаад ийм сэтгэгдэл төрлөө.  Энэ тусгаар тогтнол маань ямар их үнэ цэнээр олдоо вэ гэж.  Дипломатын урлаг гэдэг ямар аймшигтай атлаа агуу юм бэ, хэлэлцээр хийнэ гэдэг ямар агуу юм бэ.  Эх орон үндэстнээ төлөөлж хэлэлцээрийн ширээний ард сууна гэдэг үнэхээр сүрдмээр ажил юм даа гэж төсөөлөгдөв.  Тэрхэн үедээ тэр хүмүүний мутарт эх орон нь багтаж ч байх шиг.  Гадаа тоглож байгаа хүүхдүүд, тэнд ганц юм задалж байгаа залуус, энд шоудаж байгаа охидууд, гэртээ хэрэлдэж байгаа авгай нөхөр, энэ бүх хүмүүсийн хувь заяаг ямар нэг байдлаар хөтөлнө гэдэг...ийм л бодол буулаа даа


бичсэн: dadido | төрөл: 2009-08-01 өдөр 19:23
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

бодрол

Саяхан Баабарын бичсэн "Монголчууд нүүдэл суудал" номыг уншлаа.  Дөрвөн дэвтэр юм байна.  Ихэнх нь уншаа байлгүй.  Хүмүүст ямар сэтгэгдэл төрсөн юм бүү мэд.  Надад лав их л сонирхолтой санагдлаа.  Арван жилийн сургуульд үзэж байсан түүхийн номноос агуулгын хувьд шал өөр санагдлаа.  Түүх гэхээр он дараалсан үйл явдал гэж ойлгоод тэрийг нь болсон газартай нь цээжлээд хүн амьтанд хэлэхдээ их л пээдгэр байлаа.  Тэгсэн чинь дараа үргэжлүүлье...

бичсэн: dadido | төрөл: 2009-07-20 өдөр 17:39
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

бөх өө гэж

     Анх намайг төрөөд  хэдхэн сартай байхад ээж маань бөхийн шуудаг олж байсан гэдэг.  Одоо тэр шуудаг манай авдаранд байдаг юм.  Нэг  улаан торгон шуудаг.  Бөх болоогүй ч гэсэн билэгшээлтэй юм даа.  Бөхийг шимтэн үзэж эхэлсэн үе маань 1998 он.  Тэр жил Сумъяабазар аварга анх үзүүрлэж, түүний уран барилдааныг дотроо биширч энэ ах шиг болох юмсан гэж хүүхдийн мөрөөдлөөр мөрөөдөж байсансан.  Тэр цагаас би аваргын улаан фэн нь болж билээ.  Тэр үед залуу заанууд гарч ирж ааяаяа мөн ч гоё байсан даа.  Үеийхэн мөн бөхийн хорхойтон.  Хичээлийн завсарлагаанаар бистуулдээ гараад барилдаад ноцолдчихдог, дараа нь баахан хар зураас үлддэг байв.  Хичээл тарангуут сургуулийн урд талын талбай руу очиж бөөндөө дэвж шавж байгаад үзнээ бас.  Хоорондоо оноолт хийгээл тойргоор барилдана даа.  Орой нь хувцас бөөн шороо, өмдний төдүүл бүгд тас.  За тэгээд л тэр тийм мэх хийсэн тэгж гар ачсан, өмссөн, ачсан, хутгасан гээд л.   Бөхийн өргөөнд бөх болвол хичээлээсээ чөлөө гуйгаад л болохгүй бол таслана даа...тэгээд  бөхийн өргөөний гадаа очиж ганцаараа явж байгаа хүн дээр очоод "ах  аа намайг аваад орчих гээд л дагаж ороод үзчихдэг байлаа.  Сүүлд гараа бэртээснээс хойш барилдах дургүй болсон доо.  Бөх гэдэг удам л байдаг юм билээ.    Гэхдээ тэр үед хотын төвийн сургуульд талбай дээрээ гараад барилдчихдаг өөр хүүхдүүд байсныг би лав мэдэхгүй.  Одоо энд тэнд хараад явахад сургуулийн гадаа энд тэнд барилдаж ноцолдож байгаа эрэгтэй хүүхдүүд лав харагдахгүй юм.  Аргагүй дээ.  Бидний тэр үед PC байсан биш.  Одоо хөл бөмбөг сонирхож байна.  Цаг цагаараа л байх юм дөө.  Залуу заануудын алтан үе л биднийг уруу татдаг байсан юм шиг одоо бодоход. 
     Сүүлдээ бөх үзэхээ ч байдаг юм байна.  Үзэж байгаад нэг мэдсэн унтчихдаг юм байна.  Үзэж чадахаа байсан байна лээ.  Сонирхолгүй л болжилдээ.  Сая наадмын бөхийн шөвгийн дөрвийг үзсэн чинь баахан шоо эргэлдүүлсэн өвгөн л харлаа.  Уг нь тэр барьц гэдэг  юманд  хүч ухаан хурд гаргаж байж хүрдэг тэрнээсээ сэтгэж байж мэх хийдэг санагдах юм.  Одоо харахад бүгд л нэг төрлийн барилдаан.  Өргөөд тавилаа.  Ертөнцийн бүх юм цаг хугацаатай.  Цаг алтнаас үнэтэй энэ тэр гэх.  Цэнгэлдэх дээ хэдэн прожектор тавиад жилдээ болдог монгол наадам бөхөө хонон өнжин үзсэн ч яадаг юм.  Хоёр гурван цаг барилдана л биз.  Аль шандас шөрмөс муутай нь унана л биз.  Эсхүл гурвын даваагаа 11 нд хийнэ биз.  Тэгж их эрт дуусгах гээд яараад байдаг юм бол. 


бичсэн: dadido | төрөл: 2009-07-15 өдөр 12:21
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих

шүлэг бичсэн ухаантай

анхны хайр минь тэр л байсан юм бол
арван жилийн цонхон дээр нулимстайгаа үлджээ
анх дурласан нь чи байсан бол
анд найзын минь үнэн ч амраг болжээ чи одоо

чамайг надад ирээгүй гэж би гомддоггүй
чамлахааргүй их хугацааг чи надад өгсөн
чадахгүй байж дурлах дуртай ч тэр үедээ
чиний хойноос нэг ч удаа гүйгээгүй дээ гэж одоо боддог

хүний хүүд хөөрхөн харагдах нүдээрээ чамайг хүлээж байна гэж
харцаараа чи надад хэлдэг байсныг тэр үед ойлгосонгүй
хайр зарласан өөр хөвүүнд сэтгэлээ өгөхөд чинь
хожимдсон байснаа би тэр үед ухаарсан

он цаг улирсаар зургаан жилийг үдлээ ч
олны дунд орж сайн мууг өчнөөн үзлээ ч
оргилох хүсэл, булиглах зүрхний минь утсыг
ондоо бүсгүй чамаас өөр хөглөсөнгүй ээ

одоо би хайр дурлалын гуйлгачин болсоон

бичсэн: dadido | төрөл: 2009-07-04 өдөр 22:45
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (14) | Сэтгэгдэл бичих

гансар ч харагдаач

Он гарах мөчид миний амьдрал их л сонин байлаа.  Хэдхэн хоногийн дараа нэг юм шийдэгдэх гээд гэгэлзээд л байж байлаа.  Ойр дотныхон маань баараггүй гээд л.  Би ч дотроо итгэсэн байж билээ.  Гэхдээ зуун хувь итгээгүй, хүлээгээгүй.  Аль болох тайван байлаа.  Хэдхэн хоногийн дараа бүтэхгүй гэсэн хариу сонслоо.  Гэхдээ би гонсойгоогүй.  Цаг хугацаа явсаар л.  Би бараг мартсан байлаа.  Гэтэл сая өнгөрсөн сард дахиад "чи бэлд" гэсэн үг сонслоо.  Бэлдлээ.  Гэхдээ энэ удаа надаас биш шалтгаанаар дахиад л бүтэхээ болив.  Гэхдээ би ямар ч хариултанд сэтгэл зүйн бэлтгэлтэй байв.  Амьдрал өөрөө баян, заримдаа ядуу.  Тэргүйгээр ямар өлсөж үхэх гэж байгаа биш. Амьдрал сайхан байна аа

бичсэн: dadido | төрөл: 2009-07-03 өдөр 21:51
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

сайхан амрах юмсан

Өнгөрч буй долоо хоног сэтгэл зүй, бие бялдарын хувьд бол үнэхээр ачаалалтай байлаа. Өглөө босох гэж дайн тулаан болох юм. Урьд оюутан байхад шөнө босоод хичээлээ хийгээд л байдаг байсан. Одоо чадахгүй л байна. Сэрүүлгээ ухраасаар байтал өглөө болчих юм. Өчигдөр Бороо ороод гадаа чийгтэй сэрүүхэн сайхан байна. Цонх балконоо цэлийтэл нээгээд нэг тас авахыг хүснэм яг одоо.

бичсэн: dadido | төрөл: 2009-06-20 өдөр 00:09
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

манай дайчид өнгөтэй байна

Өнөөдөр Сүх жанжны талбай дээр очиж шинэ ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолыг үзлээ.  Үнэхээр сайхан байлаа.  Манай төрийн ордон ямар ч сайхан юм.  Манай цэргүүд ямар ч сайхан жавхаалаг, сүртэй, хийморьтой харагдаж байна лээ.  Улсын сүр цэрэгтээ цэргийн сүр жагсаалдаа.  Үнэхээр үнэн үг юм даа гэж бодлоо.  Гэхдээ тэр сүртэй цэрэг охид, хөвгүүдийг  төрүүлсэн ард түмэн нь илүү сүртэй юм даа 

бичсэн: dadido | төрөл: 2009-06-18 өдөр 19:45
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Тоглоомын бөмбөг

Ойрын үед нээх геополитик энэ тэрийн талаар бичмээр санагдлаа.  Энэ улсын талаар би хатуу коммунист дэглэмтэй, атомын бөмбөгтэй, магадгүй ертөнцийн хамгийн зөрүүд улс л гэж мэддэг ойлгодог.  Саяхан энэ улс атомын бөмбөг туршлаа.  Урд нь нэг их дахиж хийхгүй одоо больсон гээд л хийдэг төхөөрөмж энэ тэрийг нь устгаад л зурагтаар гаргаад л байсан.  Тэгсэн яасан.  Хулхидааский.  Энэ улс 2 дахь удаагаа зад авлаа.  Үүнээс хамгийн их айж байгаа нь Япон, Өмнөд Солонгос, АНУ, Орос.  Харин БНХАУ айхгүй байгаа болов уу.  Айж байж ч болно.  Хойд Солонгос энэ чигээрээ байх нь тэдэнд хамгийн ашигтай.  БНХАУ ын хувьд хил залгаа цөмийн гүрэн Пакистаны улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байх нь хамгаас аюултай.  Хойд Солонгост ардчилал хөгжөөд энэ тэр болоод эхлэвэл ядаж хил залгаа муж, тойргуудад аюултай.  Нөгөө талаар АНУ ын ашиг сонирхол бүр тулж ирнэ гэсэн үг.  Хойд Солонгос үнэндээ найрсаг хөрш рүүгээ хэзээ ч энэ бөмбөгийг хэрэглэхгүй.  ОХУ ын хувьд Хойд Солонгос хоёр талтай.  Нэг талаар БНХАУ тай адил нөгөө талаар нутаг дэвсгэрт нь цөмийн бөмбөгийн хөнөөл заналхийлж байна. Курилын асуудал маргаантай байгаа үед бүр л ядаргаа байна.  Японд бол бүр аюултай.  Өмнөд Солонгосчууд хойд төрлүүдээ арай ч үндэстнээ устгах бөмбөг хаяхгүй байх гэдэгт итгэж байгаа.  Харин тэдний өнөөгийн хүрсэн түвшинг баллах вий л гэж айж байгаа дөө. АНУ ын хувьд аюултай ч юм шиг үгүй ч юм шиг.  Нөгөө талаар тэдний хоёр ч өрсөлдөгчийн бөөр сүүлэн дээр торхтой дарь байна гэдэг тэдэнд хамгийн ашигтай...Нөгөө талаар өмхөрч үхэхгүй байгаа дэглэмийг өөрөөр нь боомилж байгаа арга юм даа.  Яг л нөгөө Рейганы Ододын дайны төлөвлөгөө шиг.  Тэгэхээр Хойд Солонгос бол үнэндээ  нохойд барьдаг мод болчихоод байна л гэж бий харж байгаа.  Хэрэв Хойд нь Өмнөд рүүгээ довтолбол өмнөдөөс гуйвуулдаг хэдэн ногоон юм үгүй болох юм даа бидний хувьд

бичсэн: dadido | төрөл: 2009-06-07 өдөр 21:21
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

байлдааны тактик

Сая нэг шар сонин дээрээс монголын армитай холбоотой юм уншаад нэг юм бичмээр санагдлаа.  Эрэгтэй хүүхэд болгон багадаа буу барьж тоглож  байсан байлгүй дээ.  Би тийм л байсан.  Эвдэрчихээр нь модоор ака хийж тоглодог байлаа.  Тэр сонирхол нь одоо цэрэг дайны юм унших дуртай болгосон.  Зарим хүмүүс манай арми нуль сул довтолсон этгээдийг бол яагаад ч барахгүй гэх болов.  Энэ бол хэнд  ч ойлгомжтой.  Гэхдээ бид зүгээр буугаад өгөхгүй байх.  Би армидаа итгэдэг.  Миний бодлоор бол  кино дээр гардаг шиг танкаар довтлоод явган цэргүүд давшилтанд ордог тактикаар хэзээ ч ялахгүй.   Манай тактик бол партизаны дайн.  Би ямар цэргийн онолч биш зарим хэвлэлд аялан байлдах тактик гэж бичсэн байсан.  Сонин дээр бичигдсэнийг уншвал манайд тэр игла, стрела пуужингууд нь нилээд бий юм байх.  Эдгээр пуужингуудаар бөмбөгдөгч онгоц, танк, нисдэг тэргийг устгадаг юм байх.  Манай руу довтолсон этгээд танк, нисдэг тэрэг,  бөмбөгдөгч, сөнөөгч ашиглан асар их зардлаар дайрахад тэдний өчнөөн үнэтэй онгоц, танкыг энэ пуужингаар л устгах байх даа.   Дээр нь жижиг оврын пуужингуудаар байлдана.  Би дотроо бага оврын пуужинт зэвсэглэлийг их сонирхдог.  Одоо энэ зурагтаар гардаг шиг хэдэн арван их буу зоогоод л хэдэн арван катюша зоогоод л байлдана гэвэл манайд тохирохгүй.  Довтлогч этгээд агаараас тэдний байршлыг мэдрээд бүслээд бөмбөгдчихнөшд.  Харин пуужин авч яваа найдвартай холбоогоор хангагдсан сайтар бэлтгэгдсэн ганц хоёр тасаг,салаа  цэргийг агаараас илрүүлээд байна гэвэл ёстой хэцүү байх.  Нөгөө талаар манай дэд бүтэц сул хөгжсөн нь дайсанд бүр ч ашиггүй.  Хоосон газрыг л бөмбөгдөггүй юм бол тэдний өндөр хүчин чадлын хүнд техникүүд ямар ч ашиггүй.  Бензин тосны л гарз байх.Эсхүл  хүнд техникээ хэрэгсэл асар бага зардлаар бүтээгдсэн зэвсэгт сөнөөгдчихнө.  АНУ Афганистанд олон жил байлдлаа ямар ч амжилт олоогүй.  Энэ нь нөгөө талибуудын байлдааны тактик сайн байсных гэж би хувьдаа боддог. 
Би гайхаад л байдаг юм.  Манайхан хээрийн сургууль гэхээр Тавантолгойг гаргаад байдаг.  Тэр нь нүцгэн уул, хээр тал л байна лээ шд.  Нүдэн дээр ил байдаг газарт байлдаан аль аль талд нь хялбар байдаг юм шиг.  Уулын байлдаан бол хамгийн хүнд нь юм шиг.  Манайхан ер уулын байлдааны сургууль хийдэг юм уу бүү мэд.  Амеркууд ууланд бүгсэн талибуудыг яаж ч чадахгүй байна шд.  Оросууд Чеченийг ууланд арай гэж дарсан шахуу.
Би цэрэгт алба хаагаагүй.  Гэхдээ ийм юм бодогдож байдаг юм сонин сэтгүүл кино үзэхээр


бичсэн: dadido | төрөл: 2009-06-04 өдөр 21:08
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

ойрын үед хачин байна аа

ойрын үед нэг л хачин ажил дээр мангуу ч юм шиг байдаг болчлоо.  Гэртээ ирээд бас л адил.  Шөнө бөх унтахаа бараг байв.  Гэтэл өчигдөр гачууртаас ирэх замдаа утсаа хаячлаа.  Автобусанд айлын хашаанд, гудамжинд уу, ахындаа юу бүү мэд юу ч гэсэн хаячлаа.  Урд нь нэг сэтгэгдэл нээр хүн ажигч да дадада байх ёстой гэж бичсэн байдаг.  Онигоотой.   Ёстой уур хүрмээр.  Ядаж байхад эрт явъя маргааш ажилтай очиж унтая гээд байхад очихгүй байсан хүндээ бас бурууг тохов.  Ер нь энэ муухай зан л даа.  Ядаж байхад би таксидаад явъя гэж байхад үгүй автобусаар гээд байсныг яана.  Таксидсан бол эрлийн хүрээг хумих байлаа.  Оройжингоо гол харлав.  Хэрэггүй тийшээ явж гэртээ байж байхгүй далдагнаад.  Шал дургүй хүрчихлээ бүр.  Одоо дахиад нэг утас авна.  Тэгээд бас гоё утсанд дуртай гэж байгаа.  Би ч гэж дээ...сүүлдээ уур хүрээд бурхныг хүртэл хараав.  Цагаан сарын үеэр Ганданд уншуулсан мөнгөндөө баахан харамсав...сүүлдээ ерөөсөө лам хар гэж гүйхээ болъё гэж шийдлээ.  Яршиг хий юманд итгэж харааж зүхэж байснаас өөртөө итгээд явсан нь дээр юм шиг байна гэж.  Нөгөө талаар миний тэр олон жилийн сүсэг бишрэл ганц гар утасны үнэтэй байжээ гэж.  Би угтаа сүсэг бишрэлгүй байжээ.  Өглөө болгон гарахдаа уншдаг тарни мэгзэмээ  хүзүүнээсээ татаад хаялаа.  Яршиг өөрөө өөртөө бурхан болъё гэж шийдлээ дээ. 
Нөгөө талаар би сэтгэлийн тэнхээгүй хүн шиг.  ОДоо яахав  Бурхныг харааж байснаас өөрийгөө хараагаад явъя даа


бичсэн: dadido | төрөл: 2009-06-03 өдөр 22:10
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (8) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив