Форум | Холбоо барих
Блог хайлт:

dadido diary

эсэргүүцэж байна

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

бичсэн: dadido | төрөл: 2011-12-03 өдөр 12:02
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Нээтлэл

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

бичсэн: dadido | төрөл: 2011-12-02 өдөр 13:44
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Цаана чинь Туйлшрал

Хөдөө өсөөгүй мөртөө би малчин соёл ахуйг битгий арилаасай гэж боддог.  Адуучин залуу, малчин монгол хүнийг битгий түүх болоосой гэж боддог монгол хүн.  Цементэн жунглыг хаана ч бий болгож болно.  Гэхдээ тэр даана ч хүйтэн.  Яамаар ч юм бэ дээ би үндэсний үзэлтэн. Гэхдээ Үндэсний үзэл дээр тоглож өөрийгөө мандуулах гэсэн улс төрчид хаа сайгүй.   Зарим нь бүр Чингис хааны Их засаг хуулийг дэргэд нь шивэлцэж байсан юм шиг ярих.  Бас өөрийгөө хаан хунтайжид өргөмжлөх.
Либертари үзэлтнүүд.  Би уг нь либертари үзлийг дэмждэг.  Хувь хүний эрх чөлөө, хувийн өмч гээд.  Өмчийн эрх баталгаатай байсан тулдаа Билл Гейтс Стив Жобс нар энэ түвшинд хүрсэн байх.    Даан ч либертари үзэлтнүүд маань хэтрээд улам л радикал болоод.  Яг коммунизм шиг.  Үндсэндээ эргэлзэхээр л болж байна.  Либертари үзэл сурталд муу зүйл байхгүй.  Харин хэрэгжүүлж байгаа хүнд л асуудалтай гэж ярих юм.  Хэзээ билээ энэ үгийг би нэг коммунист зохиолоос уншиж байсан санагдана. 
За нэг ийм хоёр туйлшрал л явагдаад байна даа.  Яамаар ч юм бэ дээ.  Аль аль нь улаан коммунист, хар нацистуудаас ялгарах юм юу ч алга.  Монгол маань дахиад нэг улс төрийн хэт туйлширсан үзэл санааны золиос битгий болоосой.
 




бичсэн: dadido | төрөл: 2011-11-26 өдөр 12:49
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

UB GHETTO-gas room

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

бичсэн: dadido | төрөл: 2011-11-20 өдөр 16:58
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Миний балайрал

За баахан балайрая гэж.  Саяхан нэг Inside job гэдэг киног үзсэн чинь хүн ер нь юунд итгэх ёстой юм бэ гэж бодогдоод явцан.  Өөртөө л итгэх хэрэгтэй гэх байх л даа.  Гэхдээ л бусдад итгэхээс өөр аргагүй.  Тайлбарлах нь илүүц биз.  Итгэ гэхдээ шалга гэдэг.  Үнэн ч юм шиг.  Аудит, мониторинг, аттестатчилал гээд ажил хэрэг ч гоё үгүүд мангар их ээ.  Бид бүгдийн өмнөх шалгалтыг баахан хүмүүс хийдэг.  Чанаргүй бүтээгдэхүүн гаргавал зах зээл дээр борлогдохгүй тэгээд үйлдвэрлэгч нь дампуурдаг.  Эрэлт нийлүүлэлтийг огтлолцдог гээд л захын сургуулийн ЭЗОгийн хичээлд заадаг.  Гэхдээ шалгагч нь яг үнэндээ хэрэглэгч байж чадах уу.  Хохирч байж л шалгадаг.  Хохирол гэдэг шалгалтын маш том үзүүлэлт юм уу даа аайн.  Occupy wall street ийн шалтгааныг нарийн мэдье гэвэл энэ кино.

Гадуур лизингийн халуурал аймаар байна аа аайн.  Тодорхой тогтсон орлогогүй байжийж л лизингдээд байхын.  Ядаж үндсэн өрийнхөө нилээд хэсгийг төлүүлж байж лизингдүүлмээр.   Сонин л юм.  Би лав шөнө нойр хүрэхгүй ээ.  Ломбардны л үргэлжлэл юм уудаа. 

Хөөрхий сая л өнгөрсөн хавар талбай дээр морьтойгоо буудаллаж барын базалт хийх гэж байсан нөхдийг ойлгов.  Нутгийх нь уул, усыг энд хотын хэдэн бацаан дамалж зарж баяжаад, цаад нутагт нь унасан юмгүй байхыг харахаар гол харлах шиг.  Миний байрны газрыг хэн нэгэн нөхөр дамалж зараад нэг өдөр хөөгөөд байвал хэцүү яа. 

Сая нэг хэсэг Каддафидав.  Оросуудын бэлтгэсэн өрнөдийг үзэн ядах бичлэг, өгүүлэл дэлхийгээр нэг.  Мэдээллийн тэнцвэр гэдэг их хэцүү юм дөө.  Кардашиан гэдэг хүүхний салсаныг монголын сайтуудаар нэг бичив.  Тэгснээ Москвад болсон оросын үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаалын талаар дорвитой нийтлэлгүй.  Япон, Хятад, Орос хэлний орчуулагчид байдаггүй болтой.  time.mn  харин шинэ үзэгдэл болж байна лээ

  жич:  Гүй ээ мөн сайхан урт намар болж байна шүү

бичсэн: dadido | төрөл: 2011-11-05 өдөр 21:37
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

амьдрал аа гэж

Пээ хүн хүлээнэ гэдэг чинь ёстой там юм байна.  Гэхдээ хэдэн цаг ч биш хэдэн өдрөөр.  Ёстой яарах ажилгүй тулдаа л байлаа.  Ухнатаж байж сая  байраа засч дуусгалаа.  Их ч юм сурч мэдэж авлаа.  Лав л дараа хүний царай харахааргүй л болсон гэж бодож байна.  Эр ч бай эм ч бай ойр зуурын юмаа өөрөө хийчихэд яахав дээ.  Зуун айлын би чаднануудад хулхидуулж байснаас л дээр биз.  Ядаж хайран мөнгө халаглахгүй.  Өөртөө л гоё бол боллоошд.  Диваны булан хамжилцаад өргөчих ах, дүүгүй ганцын заяандаа жоохон гоморхов.  Гэхдээ мөнгө нь байхад болдог л юм байна лээ.  Харин анд найз гэдгийг л сайхан мэдэрлээ.  Тэднээр их ч юм заалгалаа.  Жавхлангийн андын тухай дууг хэсэг баахан аялав.  Энэ хооронд фэйсбүүк блог нэт энэ тэр мартагдав.  Зурагт ч бараг үзсэнгүй.  Хүний амьдрал аа гэж.  Зүүдлээд байна уу даа гэж бодогдохоор үед олон орлоо доо.  Гурван жил хэрэндээ давгүй цалинтай давилуун л байж.  Наргиан цэнгэлд зарцуулснаа бодоход нилээдгүй үрсэн болтой.  Гэхдээ яахав залуу насанд тэгэх ёстой юм чинь.  Үзэх ёстой юм аа үзээд л явж байна.  Ядаж байхад ямар сайхан намар болж байна аа.  Голын эргээр ганцаараа алхана даа тэгж байгаад.  Ганцаардалд би дэндүү дассан болтой.  Муу юм юу байхав дээ.  Дэлхийн эдийн засаг хямрах гэжийнэ гэхээр айгаад ч байх шиг.  Энэ олон лизингийн байр, машин авсан хүмүүс яана даа гэж.  The Company гэдэг кино шиг болох вий дээ гэж.  Гадуур урдынхаасаа илүү оюутантай болсон юм шиг.  Өмнөөс нь санаа ч зовох шиг.  Тэд миний оюутан үеэс хамаагүй илүү өртгөөр сургуульд явж байгаашд.          

бичсэн: dadido | төрөл: 2011-10-17 өдөр 23:37
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

тэд

     Хэдэн жил тухтайхан уулзаагүй багын найзындаа очив.  Би лав залгасан хүн маань дуугарч өгөхгүй дүлээд, ирэхгүй, уулзахгүй байвал яасан их юм бодох болоо.  Тэнэг юм уу томорцон байжээ тэр үед.  Өөрсдийн хашаа байшинтай болсон гэж дуулсан ч очилгүй нилээд уджээ.  Сая очив.  Дотроо найзаараа бахархав.  Миний найз эрт гэрлэсэн 18 хүрээд л эхнэр авсан.  20 той аав болсон.  Цэргийн цаг наргүй албанд зүтгэж цалин бусдаас бага авдаг ч ар гэрээ хүний дайтай  авч явдаг.  Авсан байшин нь бусдын байшингын дэргэд жижигхэн, чанар муу ч миний хувьд "маш том" харагдав.  G рэппэрийн дуунд "тэд амьдралаа өөрсдөө бүтээсэн" гэдэгтэй адил тэр амьдралаа өөрөө бүтээж байна.     
     Тэр бол баян айлын хүүхэд.  Тоос сорогчны бариулаар буу хийж байлдацгааж байсан горшокны найз.  Миний найз уг нь зургын их авъяастай, солгой гартай л даа.  Адууг бол сайхан зурна шүү дээ.  Багаасаа зуны амралтаараа хөдөө байсаар байгаад адуунд дуртай болсон.  Сүүлийн хэдэн жилд тогтвортой ажил хийсэнгүй, тиймэрхүү байлаа.  Зиндааныхны сонин хэвшил түүнд нөлөөлсөн.  Гэхдээ миний найз хүнлэг зантай.  Өвлийн хүйтэн шөнө тэргэнцэр дээр байсан өвгөнийг тансаг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн.  Хөлдөхөө шахсан гөлөгийг машиныхаа үнэтэй бүрээсээр ороогоод гэртээ авчирж ээждээ загнуулж байдаг тийм л залуу.  Сайн хань заяагаасай


Ингэхэд би хэн бэ.  Өөртөө таалагдахгүй болов.  Тэнэг гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн.  Сүүлийн үед нэг их сонин гөлрөмтгий болчиж.  Гэхдээ их таатай.






бичсэн: dadido | төрөл: 2011-09-06 өдөр 00:48
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

сургалт

     Энэ зун хоёр ч хэлний сургалтанд суулаа.  Talk talk english, РЦНК орос ба англи хэл.  Хэлтэй хүмүүсийн дэргэд ичмээр боловч юу ч гэсэн дунд сургуулиасаа энэ хоёрыг хэлийг үзсэн. Хоёулаа ахисан дунд юм уу хаашааийн.  Англи хэлний курс нь арай л үнэтэй юм.  Гэхдээ хичээлийн зохион байгуулалт, системчлэл бол үнэхээр л гайхалтай юм билээ.   Өдөр болгон хүссэн хүсээгүй шинэ үг цээжлэх хэрэгтэй болдог нь гайхалтай.  Уламжлал арга барилаас дэвшилттэй санагдсан. 
 Орос хэлнийх бол яахав туж орос хэл дээр ярьж байсан болохоор сайн байсан.  Зохион байгуулалт нь бол үнэхээр talk talk english ийг гүйцэхгүй юм билээ.  Гэхдээ урд нь анзаардаггүй зүйлээ мэдсэн.  Тэр бол падеж ба асуулт хоёрын уялдаа.  Урд нь дунд сургуульд 5-р ангиасаа л эхэлж орос хэл үзсэн гэхдээ үүнийг үнэндээ хэн ч заагаагүй.  Сүүлд бодоод байхад манай арван жилийн сургуулийн хэлний сургалт нь үнэндээ удаан нуршуу ордог санагдсан.  Үр дүн нь төдий л харагдахгүй.  Мөн дээд сургуулиудынх ч ялгаагүй бараг.  Сурах бичиг нь хоёр сарын сургалтанд зориулсан сурах бичиг арай л биш санагдсааан.  Баахан текстүүд.  Үнэндээ продвинутый төвшинд бүх дүрмийг нь л заамаар.  Дээрээс нь ярианы орос хэлний хичээл тун тааруу орсон.  Өөрөө асууж лавлаж байж хэдэн ярианы үг мэдэж авав.  Нэг бизнес санаа гэхэд орос хэлний DVD хичээл гаргавал хэрэгтэй эсвэл ашигтай юм билээ ер нь.    Анх явахаасаа өмнө Орос хэл дээр Сегодня Монголия, Новости Монголия хоёрыг бараг л ойлгоод байдаг. Энэ нь тухайн үедээ ядаргаатай байсан ч гэсэн орос сайтаас байнга мэдээлэл ухуулдаг байсан даргын маань ач юм даа бас.                                                            

жич:  Энэ зун уг нь сонгондоо оръё гэсэн боловч хэсэг нөхдийн баба зангаас болоод хойшлов.  За тэгээд аливаа эрдмийг сурах нь хүний өөрийн мэрийлт боловч зохион байгуулалт, системчлэл гэдэг шал угаах, төмс услахад хүртэл хэрэгтэй байдаг шүү дээ.    

бичсэн: dadido | төрөл: 2011-08-10 өдөр 17:24
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

shopping

Монголд amazon, ebay шиг худалдааны сайтууд гардаггүй юм байхдаа.  Үнэндээ худлаа үнэн улс төр, секс бичсэн сайтаас илүү хүмүүсийн амьдралд хэрэгтэй байна.  Илгээмжийн бизнес ч бас хөгжих биз.

бичсэн: dadido | төрөл: 2011-08-04 өдөр 21:21
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Араар тавьснаас урдуур тавиад сал

Нэг их сайхан найр хурим, идээ будаа болоо л бид хоёр гэр бүл болж байгаан гээд л зарлаж байгаад сүүлд нь хоёр тийшээ болдог гэр бүл ээ гэж.  Сүүлийн жилүүдэд ч юм уу урд нь тийм байсан юм уу бүү мэд залуучуудын бөгс бөөрний явдал хойд тулд хүрлээ бараг.  Онгон, зандангаараа гэр бүл болох нь саяд бараг нэг биз.  Нөхөртэй хүүхэдтэй байж өөр эрийн өвөрт эрхлэх, ар гэр амьдралтай мөртөө айлын эхнэрийн дээр доор аахилж явах нь энэ насны бахархал юм уу даа бараг.  Олон хүнтэй унтаагүй бол шараа ичиг мөөмнөөс гараагүй хүүхэд.  Эгчтэй нь суусан хүргэн ах нь эхнэрийнхээ дүүд олон хүүхэн цохих талаар бараг сургаал айлдах нь холгүй.  Аав ээжүүд нь бүр дөжрөөд шөнө шоунд гарч байгаа хүүгээ  "Манай хүү гөрөөндөө гарлаа" гэх.  Орой шөнийн клубүүдэд бүжиж цэнгэхээсээ илүүтэй гайгүй хүүхэн залуутай хусалцчих гэсэн гарууд л дүүрэн.  Найз залуутайгаа явж байж өөр залууд сэмхэн дугаараа өгөөд л.   .  Одоо дунд сургуулийн ахлах ангийн охид онгон байх нь ховор л гэх юм. За энэ ч яахав сонирхлын үедээ.  Гэтэл айлын эхнэр нөхөр болчоод явалдаад сүүлрээд банзалтаад араар тавиад байгаа гэр бүлийхнийг ойлгохгүй юм.  Бөгс бөөрний хэрүүлтэй гэр бүлээс хүүхэд нь ямар хүмүүжил авах уу.  Одоо тэгээд нэг хэсэг үеийхэн хүүхдээ орхиод Солонгос явсан.  Том түрүүчээсээ 20 нас гарчлаа.  Аав ээжийн гэр бүлийн хүмүүжилгүй өссөн охид хөвгүүд хоорондоо гэр бүл болно.  Энэ асуудал нилээн удаан явах байх.  Эцэст нь бичихэд боссон боовноос өөр юмаар гийгүүлж байна уу бид.  Айлын эхнэр, нөхрөөр тэжээлгэдэг нилээд хэсэг бий болж байна даа.  Яг л паразит.
Боожгойгоороо тоглосон монголчууд... 

бичсэн: dadido | төрөл: 2011-08-01 өдөр 17:11
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (15) | Сэтгэгдэл бичих

юу ч юм бэ дээ амьдрал

Кола, диско, гоё өгзөгтэй бүсгүйчүүд, порно, шашин, алан хядлага, дох, цэмцгэр хувцасласан эрхэмсэг хүмүүс.  Бие биенийгээ үзэн ядсан аймшигт халдлагууд, зах зээлийн ширүүн өрсөлдөөн, хоногын дотор хамаг хөрөнгөө "хууль ёсны" дагуу алдах эдийн засгийн хямрал, санхүүгийн луйвар,  тусгал нь нарийссан зэвсэг, ганц бие амьдрал, ижил хүйстэн гэр бүл, сонгууль, цөмийн аюул, зөгнөлт кино, гадуур хооллолт, хот газрын хуурамч төрхтэй хүйтэн амьдрал, өөр залуутай явдаг түүний эхнэр, бэлгэвч, зардал нь ихэссэн офис ажил

бичсэн: dadido | төрөл: 2011-07-24 өдөр 16:11
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

шалдан хүүхэн

     Зун болохоор хүн амьтан нимгэлээд эр эмгүй ямар бие хаатайг нь харж болох юм даа.  Өргөн мөртэй пиджак өмсөөд дөрвөлжин харагддаг залуус зарим нь танигдаад л.  Зарим охид ямар ч гоё биетэй юм бурхан минь гэж.  Ийм л зүйл бичихээс дээ.  Хууль зүйн техникийг бичих нь бичээч ээ хөөе.  Эхлүүлээд л орхилоо.  Дараа хэлэндээ лайтай болж байгаад мэдээ мэдээллийн блог руугаа орно доо.  Эхлүүлээд орхих нь миний таны бидний манай зан юм уу даа.  7-р сараас өмнөөс хувь хүний аюулгүй байдлын нэг зүйл оруулна.   Баабаризм энэ тэр дээр болохоор баахан л хуваагдлаа.  Жаахан прагматик байя блоггеруудаа.  Нээрээ еврейн талаар юм бичвэл гоё бичлэг болно доо тээ хүмүүс ээ. 


бичсэн: dadido | төрөл: 2011-06-13 өдөр 20:10
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (18) | Сэтгэгдэл бичих

Өвөр Монголд өрнөж буй бослого хөдөлгөөний талаарх хувийн бодол

Энэ бичлэг таалагдсан учраас тавив.  Гэхдээ зохиогчийн эрх зөрчөөгүй болно. 
Өвөр Монголд бослого хөдөлгөөн гардаггүй байсан гол шалтгаан нь хэт их хятаджуулсанд оршино гэж боддог байлаа. Харин энэ бодол эндүүрэл байжээ. Өвөр Монголын умарт хэсэгт Зөвлөлтөөр хамгаалуулсан Монгол улс тусгаар тогтнож байсан явдал бол хүйтэн дайны үед Хятадын эрх баригчдад учруулж байсан хамгийн том аюулын харанга байв. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэгчээр Xятадын эрх баригчид тэр цагт Өвөр Монголыг хятаджуулах үйл ажиллагааг нэн эрчимтэй явуулах болжээ. Өвөр Монголын нутагт хятадууд сууршиж, тариалан хөгжүүлэхэд цаг уурын нөхцөл байдал ямар ч садаа болсонгүй. Өвөр Монголын нам дор газар Төвдийн агаарын сийрэгжилттэй өндөрлөг, Шинжааны элсэн цөлтэй зүйрлэхийн аргагүй үржил шимтэй учир хятадууд тун амархан суурьшжээ. Эхлээд тэд Өвөр Монголын хот тосгод руу төмөр зам татаж, төмөр зам дагаад асар олон хятад сууринг буй болгож, түүгээр ч барахгүй илгээлтээр хятад залуусыг малчин болгож, тэднийг монгол бүсгүйчүүдтэй гэрлэх үүд хаалгыг нээх зэрэг олон аргаар хан үндэстэн хятадууд Өвөр Монголд олширч, улмаар Өвөр Монголчууд төрөлх нутаг дээрээ үндэсний цөөнх болон хувирсан гунигт түүхтэй.

Өвөр Монголын нутагт явагдсан эх нутаг, эх соёл, эрх чөлөөний төлөө тэмцэл олон улсын хараа хяналтад өртөлгүй хаагдмал ирсэн тул монгол тэмцэгчдийг Хятадын эрх баригчид үй олноор нууцаар устгаж амжсан юм. Үүнийг нотлох түүхийн баримт хангалттай олон бий. Олон удаагийн цуст яргaллыг даван туулж үлдсэн нь хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд, зүрх нь үхсэн эрчүүд байсан хэмээн зарим ахмад өвөрлөгч нaр хуучилдаг билээ. Тухайн цаг үеийн байдал, гадны хүчин, дотоод сэтгэхүйгээс болоод Монгол улсын иргэд ах дүү Өвөр Монголчуудад цаг тухайд нь сэтгэл санаaны болоод эд материалaaр тусалж дэмжих ямар ч боломж байсангүй. Харин Монгол улсад байсан эрлийз тагнуулуудаараа дамжуулаад Өвөр Монголчуудыг Xятадад уусаад дууссан гэсэн мэдээллээр монголчуудын тархийг угааж, монголчууд хоорондоо хөндийрөх эндүүрлийн үүд амыг нээж өгсөн. Үүнд Oросын оролцоо мөн их байсан. Тэр цагт оросууд монголчуудыг нэгтсэн хүчтэй болгохгүй, Xятaдыг коммунист орон болгохын тулд тэдэнд зусардсан бодлого барьж байв. Үндсэндээ Монгол түмэн хоёр их гүрний тоглоом болсон хэрэг. Зөвлөлт гүрэн бутран унаж, Монгол оронд нөлөөлөх нөлөө эрc буурснаар ардчилал Монголд хөгжих сайн нөхцөл бүрэлдэж өгсөн юм. Монгол орон алдаа оноотой ч сүүлийн 20 жил ардчиллын замаар тууштай явж буй нь Өвөр Монголчуудад нэгийг бодогдуулж, сэтгэлийн гүндээ хадгалсан итгэлийнхээ цогийг бага багаар бадраах боломжийг олгожээ. Нэг үгээр хэлбэл Өвөр Монголчуудын хувьд ертөнцийг харах цонх нь монгол соёл, монгол ахуй, Монгол орон, Монгол улсын ардчилал болж чадсан. Өвөр Монголчуудын ирээдүйд итгэх итгэл ихээхэн нэмэгдсэн, монгол соёлоо авч яваа Монгол улс тэдэнд ил далд ихээхэн нөлөөлөх болсон.


Ийнхүү Өвөр Монголчуудын дотоод итгэл нэмэгдэх тутам орчноо харах нүд бас өөрчлөгдөж, хятадуудын дарлал мөлжлөгийг улам үзэн ядах, тэднийг жигших болж, хорсол хилэнгийн гал тэдний зүрхэнд дүрэлзэх хэмжээнд болж иржээ. Энэ хэдэн жилд хуримтлагдсан тэр хилэнгийн галыг бадраахад Баруун Үзэмчинд газар нутгаа хамгаалан тэмцээд алтан амиа алдсан монгол залуугийн хэрэг хуурай цучил болсон нь мэдээж. Хэргийн эзэн хятадууд хэзээ нэгэн цагт ийм юм болно гэдгийг урьдаас мэдэж байсан тул цэрэг цагдаагийнхаа хүчийг улам нэмж, олон улсын хараа хяналтаас урьдын адил нууж хааж байгаад “барын зулзагыг бага дээр нь дарaх” уламжлалт аргаа хэрэглэв. Олон жил дарлагдсан Өвөр Монголчуудаас ийм зориг зүрх гарна гэж хөрш Монгол орны иргэд төсөөлөө ч үгүй явлаа. Өвөр Монголчууд ахуйн соёлоороо хичнээн хятаджлаа ч зүрх сэтгэлээрээ монгол хэвээрээ байгаа энэ бослого үймээн харуулж байна. Хятадын соёлын нөлөөнд гүн орсон Өвөр Монголчууд бол муйхраар тэмцэж буй уйгар, төвдөөс ихээхэн ялгаатай. Тэдний ихэнх нь интернэтээс мэдээллээ авдаг, дэлхий дахинд юу болж байгаа харж чаддаг, хятад хүнээс тутахгүй хэлийг нь эзэмшсэн тул эрх баригч хятадуудыг хамгийн ихээр сандаргаж байгаа нь мэдээжээ. Тэгээд бас тэдний ард ардчилсан Монгол улс байна. Монгол улс бол бүх Өвөр Монголчуудын хувьд Журасилим нь болно. Одоо цагт ямар ч Өвөр Монгол хүн “бид мөхсөн ч ард маань Монгол улс байна” гэж бахархалтайгаар хэлж чаддаг болсон цаг. Бид л арчаагүйдээ улс үндэстнийхээ талаар нарийн бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй байгаа болохоос Монгол хэмээх нөмөр халх улс тэдний хувьд бол байгаа юм аа.

Өнөөгийн энэхүү явуулж буйж Өвөр Монголчуудын бослого хөдөлгөөн нь сайн муу хоёр талтай. Сайн тал нь бол дэлхийн дахины мэдээллийн хэрэгслэлээр эл үйл явдал түгж, монголчууд бол олуулаа юм байна, бас эрх ашгийнхаа төлөө босч тэмцэж чаддаг юм байна, Өвөр Монголчууд харaахан хятад болчихоогүй юм байна, улмаар Монгол гэдэг үндэстэн байдаг юм байна гэсэн ойлголтыг мэдэхгүйд төрүүлж, мэддэгт бататгах сайн талтай юм. Нэг үгээр хэлбэл Монгол улсад ашигтай сурталчилгааг дэлхий нийтэд хийж байна. Сөрөг тал нь Өвөр Монголчууд төрөлх нутаг дээрээ улс төр, соёлын хувьд Хятад улам хавчигдах болно. Босогчдын тодорхой хэсэг хятадуудын ярaглал тамлалд өртөж амь насаа алдах болно. Улмаар Монгол улс болоод Өвөр Монголчуудын хоорондох соёлын харилцаа зогсоход хүрнэ. Гэхдээ л 1981 онд гарсан оюутны хөдөлгөөнөөс хойш 30 дахь жил дээрээ энэхүү бослого хөдөлгөөн Өвөр Монголд гарч буй нь авлигалд идэгдсэн Өвөр Монголын засаг төрийн удирдагч хан үндэстэнд өгч буй том цохилт боллоо.

Цаг үеийн байдалд Монгол улсын иргэд бид ямар байр суурийг барих хэрэгтэй вэ гэдэг асуудал тулгараад байна. Хоёр улсын харьцааг муутгачихна гээд бүлх залигсан мэт дуугүй суугаад байж мэдээж болохгүй. Ардчилсан Монгол оронд мэдээлэл бол чөлөөтэй байх ёстой. Бас бодитой байх ёстой. Дэмжиж байна гээд туг далбаа намируулаад, хоосон уриа лоозунг хашгираад байх бас хэрэггүй. Яг нөгөө “Ардын илч” кинон дээр гардаг хоёр данжаад Ариунаа Тулга хоёрыг нуудагтай адил аргаар Өвөр Монголчуудыг дэмжих хэрэгтэй юм. Манай улсын удирдлага харин ганц нэгээрээ зугтаад гарч ирж буй монголчуудыг хүний голгүй бариад буцаагаад өгчихдөг шившигтэй, хүний мөсгүй, арчаагүй байдлаасаа салах хэрэгтэй. Хэрвээ лай болно гэж бодвол Монгол паспорт өгөөд АНУ-ын элчингээр дамжуулаад эрх чөлөөний оронд тэднийг гаргачих хэрэгтэй. Яваандаа монголчууд бид чангараад ирэхээр Улаанбаатар ханиахад Хөххотод найтийдаг болмоорсон. Өвөр Монголчууд оршин тогтнох нь Монгол улсын тусгаар тогтнолын бас нэгэн баталгаа юм шүү.

http://shbaatar.blogspot.com

энэ бичлэг маш их таалагдав.  Ялангуяа тэр сүүлийн өгүүлбэр.  Энэ талаар зарим мэдээллийн сайтууд телевизүүд таг дуугүй байгаа нь үнэхээр хачирхалтай бөөлжис хүрмээр.  Одонцор энэ тэр хүмүүсийн бөгс бөөрний явдал бичих болохоор яадаг билээ дээ. 



бичсэн: dadido | төрөл: 2011-06-04 өдөр 22:52
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

out of work

За ингээд эхэллээ дээ.  Өөрийн гаргасан шийдвэр одоо яах вэ дээ.  Мөнгө төгрөгөндөө гэнэт мангар нарийн бай. Юм хөөцөлдөх, цаганд яарах чухал ажил байхгүй бол автобусанд суухыг хориглоно.  Алхаад марш.  Өдөр гадуур хооллож болохгүй.  Өглөө сайн ид, тэглээч зун идээд байх нь ч хаашаа юм жоохон тур.  Тэглээч зүрхний чинь глицерид ихдээд хэцүү байгаа гэсэншд.  Шоу цэнгээн караокед хааяа л ор.  Гэхдээ битгий уд.  Гар утсаараа бага ярь, ер нь утсаа ээждээ өгчих чамтай одоо ярих хүн байхгүй.  За тэгээд зорилгоо мартав.  Цоглог бай.  Чи өөрөө л хүссэн шүү дээ.  3 сарын дараа эргэж орох эсэхээ өөрөө мэд.  Дургүйд хүчгүй бол албадахгүй.         

бичсэн: dadido | төрөл: 2011-05-25 өдөр 15:17
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (10) | Сэтгэгдэл бичих

ногоо тарих гээд зодолдов

     Өнгөрсөн 7 хоног байгууллагаараа 2 га газарт төмс тарьдаг баатрууд болов.  Намар их олз омог олох юм байх.  Мэргэжлийн тариаланч ногоочдод бол ичмээр талбай л даа.  Трактороор газраа хагалж, үрээ суулгаад болчив.  Гэтэл услалт.  Хамгийн мангар нь услалт шийдээгүй газар дээр ногоо тарьж байдаг.  За тэгээд зовлон эхлэв.  Хүн амд зориулсан ундны усны худгаас услана гэж бодсон юм шиг байгаан.  Гэтэл бөөн маргаан дэгдэв.  Ундны худаг болохоос усжуулалтын худаг биш.  Худаг ширгэв.  Магадгүй өнөөдөр худагын мотор нь шатна.  Бороо орохгүй бол төмс одоо будаа болно.  Ингээд мань мэт нь нилээд хол голоос хоёр гартаа 10 литрийн битон бариад услав.  Хоёр хөлбөмбөгийн талбай шиг газрыг 20 литрээр хэзээ дуусгах юм бүү мэд.  Дээрээс нь хоорондоо зодолдов.  Ногоо талбай дээгүүр бие биенийгээ элдэж хөөгөөд л. Гэхдээ их гоё.  Ажил эхлэхээс өмнө пиво, архи ууж байгаан.  Тэндээс ямархуу бүтээл гарах нь ойлгомжтой.   За тэгээд зодооны дараа зарим нь яршиг п..сда гээд хот руу явав.  Гурван залуу 2 га д үлдэв...

  


бичсэн: dadido | төрөл: 2011-05-23 өдөр 11:35
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

хүн ёс

Саяхан нэг математикийн багшийн ярилцлагыг уншаад ийм сэтгэгдэл төрөв.  Яг манай арван жилийн багш шиг санагдсан.  Математикийг үнэнхүү шүтсэн.  Тэрүүгээрээ хүн бол заавал математикийн боловсролтой байх ёстой гээд. Ирээдүйд алба тушаалд дэвшихэд нь түүнийг харгалзах ёстой гэв. Олонлог сургуулийн захирал байсан.  Юу ч гэсэн мэргэжилдээ дурласан хүмүүст хайр хүрээд байдаг юм. Тэндээс амжилт гардаг.
Байгалийн ухааны багш нар "ер нь чи энийг мэдэхгүй бол амьдрахгүй" гээд ярьдаг байсан.  Гэхдээ тэр яриа нь хоцрогдсон байсан.  Тэр боловсролгүйгээр  хүмүүс амьдраад болоод л байсан.  Иймэрхүү үг жишээ нь миний тархинд наалдаагүй. Магадгүй монголын олон тоондоо муу хүүүхдүүдийн толгойд шингээгүй.  Тэд тоог зөвхөн шалгалт давах хэмжээнд л сурахыг хүсээд орхисон. 70С авах хэмжээнд л.  Уг нь хүүхдүүдэд "Хүүхдүүдээ та нар математикийн ийм мэдлэг амьдралд ингэж хэрэглэдэг.  Энэ томъёоны нээлт нь ингэж бий болсон.  Яаж яваад нээсэн бэ гэвэл амьдралын ийм зүйлээс урган гарсан гээд" ярьсан бол хүнд арай л өөр байх байсан биз. Уучлаарай багш нар минь.
Хүн математикийн чадвар сул, IQ муу байж болно.  Гэхдээ хүн хүн ёсны мэдлэггүй бол тэр сурагч мундаг сайн тоочин байгаад хэрэггүй.  Хүнийг хайрладаггүй, бусдын юмыг хайрладаггүй, хүйтэн цэвдэг хүн хэнд ч хэрэггүй.    Одоо үүний эсрэг иргэний боловсрол гээд хичээл байгаа.  Иргэний боловсрол дан ганц арван жил үзээд дуусдаг сэдэв биш юм шиг санагддаг.  Дээд сургуулийн нэгдүгээр курс үнэндээ үүнд зориулагддаг.  Уг нь төгсөх дөхсөн үед нь ордог бол мартахгүй биз.  Олон олон монголчууд өнөөдөр хийж байгаа өчүүхэн үйлдэл цаашдаа ямар их үр дагавар авчирдагыг мэдэх дургүй.  Жишээ нь Туул гол. Бидний сайн мэддэг Аль Кайдагын ихэнх топ удирдагч нарын ихэнх нь инженер техникийн боловсролтой хүмүүс байдаг.  Хүмүүнлэгийн боловсролгүй, сургалтын агуулгагүй бол ийм л юмд хүрэх юм даа.


бичсэн: dadido | төрөл: 2011-05-18 өдөр 19:45
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

     Энэ номыг "Гулаг"-тай зэрэг уншсан.  Би ер нь заримдаа олон ном зэрэг барьчаад байдаг.   Орон дотор нэгийг, 00 суухдаа нэгийг/заримдаа 00 суух амар байдаг.  Хэн нэгэн дуудахгүй, зарахгүй/.  Өдөр ном унших сонирхол төдийлөн байдаггүй, дандаа л орой уншдаг.  Энэ номны надад гайхал төрүүлсэн нэг зүйл нь дипломат ёсны тухай.  Ер нь энэ ёс их сонирхолтой.  Дипломат дархан эрхийг улс орнууд хүндэтгэж байгаа зэрэг нь гайхалтай.  Герман Орос хоёр дайтахад элчингүүд, дипломатууд нь буудуулсан байхдаа гэж боддог байсан.  Зарим номон дээр Берлин дэх Зөвлөлтийн элчингийхнийг баривчилсан энэ тэр.  Гэтэл шал эсрэгээрээ.  Дайн зарлаж байгаа тухайгаа элчин сайдыг дуудаж байгаад хэлдэг юм байна.  Тэгээд элчин яамыг нь хамгаалалтанд аваад дипломат дархан эрхтэй бүх хүмүүсийг гуравдагч орны нутаг дэвсгэр лүү гаргадаг.  Тэнд хоёр тал дипломатуудаа солилцдог.  Яаж солилцох тухайгаа харилцан холбогдож тохиролцоно.  Зарим үед гуравдагч орон зуучилна. Орос Герман хоёр дипломатуудаа Туркд солилцож байж.  Гуравдагч оронд болдог хүлээн авалт дээр дайтагч гүрний төлөөлөгчид хоорондоо толгой дохин мэндчилнэ.  Энэ ёс зөрчигдсөн нэг жишээ нь 1979 оны Ираны хувьсгалаар болсон.  АНУ-ын элчин сайдын яамыг Иранчууд эзэлсэн.  Элч төлөөлөгчийн халдашгүй эрхэд манай монголчууд эртний уламжлалтай юм шиг.  Нууц товчоо уншиж байхад дайтаж байгаа хоёр талууд бие биедээ байнга элч явуулж хэлэх үгээ дамжуулж амь насанд нь халддаггүй байж.  Дипломат ёс сахиагүй улс гүрэнтэй нэхэл хатуу байв бас.  Ер нь тэгээд түүхээс харахад хүчирхэг том гүрнүүд тэр ёсыг сайн сахиж байж.  Жижиг ялихгүй орнууд л бүдүүлэг загнадаг юм шиг.         

жич:  абвгдеёжз ангийхны бөмбөгдөлт арай намдаа юу даа


бичсэн: dadido | төрөл: 2011-05-14 өдөр 18:58
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

ГУЛАГ олтриг

Сая хэд хоног  Александр Солженицыны "Гулаг олтриг", Валентин Бережковын "Сталины орчуулагч байсан он жилүүд" зэрэг номуудыг уншив.  Аливаа нэг үзэл суртал, түүхийн сайн мууг мэдэж авахын тулд албан ёсны төрийн байгуулагаас хэвлэсэн түүхийн номноос илүүтэй хувь хүний намтар үнэн бодит явдлыг илүү агуулдаг санагдлаа.  

     Хэн нэгний амьдрал ирээдүй үнэндээ заавал гадаад зүйлсээс шалтгаалдаг.  Харин тэр хамаарал нь хэр зэрэг хувийн амьдралд хувь хүний оршихуйд нөлөөлөх нь тэр хүний хувь заяа ч юм шиг.  Өнгөрсөн зууны үеийн орос  түүний харъяаны хүмүүс тэр чигээрээ хэн нэгний атганд байсан мэт.  Алга ташихаа түрүүлж болих, оёдолчин сонин дээр зүүгээр хатгасан чинь цаад нүүр нь их удирдагчийн зураг...шорон 58 р зүйл улс төрийн хэрэгтэн 10 жил.  Хайртай залуу охины аав ардын дайсан болвол  "ардын дайсан" д хайртай байж.  Дуусаа.  Сэжигтний мэдүүлэг бол нотлох баримтын хаан.  Дээхэн үед нэгэн нэртэй зохиолч До яамны байцаалтанд "Би гитлертэй уулздаг" гээд аваад хаяж.  Байцаагч бөөн баяр...хэрэгтнийг илрүүлсэн.  Энэ явдал монголд болсон.  Хүний эрх эрх чөлөө тэнд үнэртэх ч үгүй.  Үлгэрт гардаг зүйл байж.  Концлагерь Гулаг хоёр ялгаа бараг алга байж.  
Хамтралжуулалт боллоо.  Хувийн өмчийг нэгтгэлээ.  Өлсгөлөн эхэллээ.  Хөдөлмөрлөх сонирхол буурлаа.  Хэн хүний баасыг үнэ төлбөргүй бэлдэхийг хүсэх юм бэ.  Хувийн өмчгүй хүнд ямар ч зүйл үнэ цэнэгүй болно.  Ургац их аваад  тариачинд тогтоосон хэмжээг л өгнө.  Тосгоны тариачнаас үйлдвэрийн ажилчин эсхүл гулаг үхэл.  Хот суурины хүн ам өсөөд л.  Хот газар өөрөө хөдөлмөрийн хуваарийн сонгодог газар.  Тэнд хүн болгон месттэй.  Гуталчин, үсчин, талхчин, мужаан, нягтлан гээд. Хулгайч нар хүртэл нутаг дэвсгэртэй, ухах байр ухахгүй байр гэж байна.  Бүгд тэр аяараа тосгон шиг тариачин байх боломжгүй.  Хотын илүүдэл хүмүүс нь хулгайч, матаач, янхан, архичин болно.  Ихэнх нь үхнэ. Хулгайчийн тоо огцом нэмэгдэнэ. Үйлдвэрт ажиллаж байгаа нь улсын өмчийг ихээр хусна.  Олигтой бүтээгдэхүүн гарахгүй. Ингээд ил далд хулгайч их болно.  Нийгэм задрангуут тэр олон хулгайчууд гэнэт бий болоогүй.  Эхнээс нь тогтолцоо нь өөрөө бэлдсэн байж.Тогтолцооны гажиг ингэж л илэрдэг юм байна.  Хэрэв хамтралжуулалт болоогүй байсан бол Орост одоо хүртэл үр тарианы гачигдал болж, тосгон суурин эзгүйрэхгүй байсан биз ээ.  Олон сэхээтнээ буудаагүй байсан бол өнөөгийх шиг үндэстний онцлог уламжлалаа олох гэж эрэн бэдрэхгүй байсан биз.  Их оросын үзэл, шинэ оросууд, неонацистууд, коммунизм, авилга, чекист арга барилаар төр барих ёсон, өдөр ирэх бүр орон тоо нэмэх тусгай томилгоот цэргүүд. 
Манайд
Хувийн өмчийг нэгдэлжүүллээ, хот руу тэмүүлэх нь олширлоо.  ТМС, их сургууль руу хүүхдүүдээ явуулаад л.  Малч удам ерөнхийдөө тасарч эхэлсээр.  Нэгдлийг дэмжсэн кино хийсээр л.  Амьдрал эсрэгээрээ.   Нийгэм задарлаа.  Мал хувьд очлоо.  Тоотой хэдэн малч удамтай хүмүүс үлджээ.  Бусад нь тэр эрдмийг өвлөөгүй.  Багадаа л мал бараадаж өссөн. Тэдний мал үхлээ. Тэр хэд хот руу ирлээ...  Хөдөө нутгийн эзгүйрэл бараг л ингэж л эхэлждээ.  Алдаа эхэндээ л байж дээ. 
Зүй тогтлыг алдагдуулах ийм л аюултай.

 

                    

бичсэн: dadido | төрөл: 2011-05-12 өдөр 16:58
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (14) | Сэтгэгдэл бичих

хүйтэн

Гадаа хүйтнээс дотор хүйтэн хэцүү
Ганц удаагийх биш  насных байдаг юм
Гэсэж уярдаггүй тэр сэтгэл их хэцүү
Гэссэн хойноо  үхдэг нь бүр хэцүү

Одод харагдахаа байлаа
Би харалган болж
Оргилох сэтгэл ундрахаа байлаа
Би хүйтэн болж
Ондоо нэгэн рүү тэд гүйлээ
Би нүцгэн болж
Одоо тэд жаргаж байгаа
Би гачлантай болж





бичсэн: dadido | төрөл: 2011-04-30 өдөр 17:41
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Клинтон ба Энхбаярчууд: төрт ёс

Нэг улс төржөөд авъя ер нь
Одоогоос хоёр жилийн өмнө АНУ ын ерөнхийлөгч асан Б .Клинтон/АНУ өөрөө эталон болчоод байна/ Хойд Солонгост очиж Ким Чен Иртэй хэлэлцээ хийж баривчлагдсан иргэдээ суллаж байсан. Үнэхээр агуу.  Хичнээн Клинтон мундаг байсан ч цаанаа америкийн тогтолцооны хүчирхэг нь харагдаад байгаа юм.   Би тэр үеэс л АНУ ыг төрийн албан хаагчдын ёс зүй болон тэр тогтолцоог бишрэх болсон.  Ажаад байхад АНУ ын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн албан тушаалтнууд үргэлж эх орныхоо төлөө зүтгэдэг бололтой.  Хэзээ билээ Ж.Картер монголд ирсэн.  Үнэндээ бас АНУ ыг төлөөлж явж байсан.  Мөн төрийн нарийн бичгийн дарга нар ялгаагүй.  Орост яадаг байсныг мэдэхгүй.  Юу ч гэсэн Рейганы оршуулган дээр Горбачёв ОХУ ыг төлөөлж оролцон хүндэтгэл үзүүлж байсан.  ЗСБНХУ задарсны дараа үндсэндээ хог болж байгаад одоо гайгүй болж байх шиг байна.  Төр ёсны уламжлал залгамж чанар гэдэг энэ болов уу.  Мөн АНУ ын төрийн нарийн бичгийн дарга нар лаг мундаг аа.  Албанаасаа буунгуут их сургуульдаа очиж багшаа хийдэг.  Тэгээд тэндээ хойч үедээ өөрийнхөө арвин их туршлагаа дамжуулдаг.  Өрнийн бусад оронд ийм байдаг эсэхийг мэдэхгүй юм.   Гэхдээ нэг л юм харагдаж байгаа нь тэд " бид нэг хөлөг онгоцныхон" гэдгээ сайтар мэдэрчээ.  Бас мэдрүүлжээ.
        Монголд ийм тогтолцоо байсан уу гэвэл байсан юм билээ.  Дээхнэ үед монголчууд гадаадад хэлэлцээ хийхдээ залгамж хүнээ авч явж юм үзүүлдэг байсан гэх юм билээ.  Мэдээж дараа нь барьц алдахгүй үг алдахгүй гээхгүй хүн хэрэгтэй.  Одоо мэдээж ардчилсан тогтолцоонд залгамжлагч нь сонгуулиар болон сонгон шалгалтаар тэнцэж байж төрд зүтгэдэг болсон.  Манайд одоо залгамжлагч төрийн хэв маяг бүрдэх гээд байгаа боловч шударга бус байдлаар гарч ирж байна л даа.  Аав нь дарга байсан хүний хүүхэд дарга болох албагүй л баймаар.  Гол нь цаг хугацаа харуулна биз.  Залгамжлагч хэв маяг нь бараг язгууртан элит болчих гээд тэгээ ялзрал үүснэ л дээ.  
     Төрийн хүний болон хуулийн ажилтны нэг үүрэг бол хуульд заасан л бол гүйцэтгэх ёстой.  Сайн мууг нь иргэний нийгэм хэлэлцэж Үндсэн хуулийн шүүх болон бусад шүүхээр шийдвэрийнх нь буруу зөвийг шийдүүлэх ёстой.  Төрийн сүнс нь үүндээ л байгаа.   Төрт ёсны уламжлал гэхээр монголчууд маань баахан л юм ярьдаг.  Ийм ч түүхтэй, тийм ч судар ном, хар хайрцагны бодлого гээд.  Тусгаар улс байх төрт ёсны түүхээр бол монгол үндэстэн маань үнэхээр баялаг.  Харин төрөө засах тал дээр жоохон тиймэрхүү юм байна уу үгүй юу.  Заза энэ тусдаа сэдэв.  Одоо төрт ёсны уламжлал гэхээр есөн хөлт цагаан туг, улсын наадам, чингисийн хөшөөнд мөргөх, төрийн тайлга тахилга, хүндэт харуулаар төсөөлөгдөөд байх шиг.  Экс ерөнхийлөгч маань ерөнхийлөгч байгаагүй хүн шиг л ярих юм.   Уг нь оюутнуудад англи хэлийг өөрөө хэрхэн эзэмшсэн тухай лекц уншиж, хөдөө гадаа явж ногоон хэрэм хөтөлбөрт уриалаад, сэлбэ голын цэвэрлэгээнд оролцоод явахад монголчууд харин ч дуртай хүлээж авна.  Ёстой мужик л гэж хэлнэ.  Эгзэгтэй гадаад яриа хэлэлцээрт улс орноо төлөөлдөггүй юм аа гэхэд санаа оноогоо өгөөд явахад яадгын ер нь.  Би ийм юман дээр алдсан байна лээ.  Та нар минь одоо анхаараарай.  Оросуудтай хэлэлцээ хийхээд ийм байдаг,  Засгийн газрын өдөр тутмын ажил ингэж явбал нурдаг юм билээ, ингэвэл сайжирдаг юм билээ.  Харин сонгуулийн үеэр үндэсний эрх ашгын үүднээс дуугарчаад явж байхад яадаг юм бол бүү мэд.  Лав л мань мэттэй адил насан туршдаа байр, тог, сөх ийн мөнгөнд санаа зовохгүй л хүнсэн.  Экс ерөнхийлөгч Очирбат гуай ШУТИС ийн оюутнуудад хичээл заагаад диплом удирдаад явж байгаа нь сайхан л харагддаг.    Би лаг "гэнэн" бичиж байгаа байх.  Гол учир нь:
     Монгол улсад өнөөдөр үнэндээ асар их баялаг илэрлээ.  Монголын хөрсөн доор өөр юу ч байгаа юм бил ээ бүү мэд.  Хойд хөрш маань ямар хүчирхэг билээ, урд хөршийн маань хүн ам, хэрэгцээ хэр билээ.  Гэтэл цөөхөн хэдэн хүн амтай энэ улсад ийм их баялаг илэрсэн нь хэний ч шуналыг хөдөлгөж байна.  Үүнийг дагаад гадаадын ил, далд үйл ажиллагаа үнэндээ өргөжиж байгаа дөө.  Ирэх жил сонгууль болно.  Энэ сонгуулиар тэдний оролцоо идэвхжвэл яах уу.  Биднийг талцуулаад хоёр хөрш маань цэргээ оруулахыг байг гэх газаргүй.  Эсхүл ужигруулсаар байгаад эцэст нь эдний үгийг дагахаас өөр аргагүй байдалд хүргэж ч болно.  Үндэстний цөөнх ихтэй аймаг тусгаар болох гэж тэмцэхийг ч үгүйсгэхгүй.  Оросууд ийм үеэр оросын иргэд, өмчийг хамгаалах зорилгоор Эрдэнэтэд цэргээ оруулвал яах уу.  Киргизэд тэгсэн байх аа.  Урд тал ч ялгаагүй. Эцсийн дүндээ бид тусгаар тогтнолгүй л болно.  Ийм л эгзэгтэй үед эрхэм ерөнхийлөгч асан маань "эвтэй байхдаа хүчтэй" баймаар.  Бидэнд одоо бужигнаан хэрэггүй.  Бужигнаан болгон шударга ёс авчирдаггүй.
     Өнөөдөр хүмүүсийн ажил, хөдөлмөрийн үр дүн тэдний гарт байгаа боловч алсдаа та нарын гарт л хувь заяа нь явдаг шүү дээ.
      
               


бичсэн: dadido | төрөл: 2011-04-18 өдөр 19:31
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив